Түймэрт 11,300 га талбай сүйджээ

О.Онон
2024-04-08

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хээрийн түймэр гарсан байна. Тухайн аймгуудын ОБГ-ын алба хаагчид уг түймрийг унтраасан ч урьдчилсан байдлаар 11300 га талбай сүйдсэн аж. 

Он гарсаар улсын хэмжээнд Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага дээрх аймгуудын ОБГ-т бүртгэгдэн, алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраажээ.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг холбогдох албаныхан онцгойлон анхаарууллаа.

Ингэхдээ,

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг сануулав.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe