Тэмцэгчдээс нэгийг нь цагдан хорьсон бол гурвыг нь цагдан хорих асуудлыг өнөөдөр шүүхээр шийдвэрлэнэ

Ц.Чимэдцэеэ
2026-08-19

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

350 толгой шонхор шувуу гадагшаа гаргах зөвшөөрөлтэй

Шонхор шувуу хууль бусаар агнаж байна хэмээн цахим сүлжээнд нийтэлсэн асуудалтай холбоотой Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Нямрагчаа ийнхүү мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 263 дугаар тогтоолоор энэ онд гадаад оронд нийт 350 толгой шувуу гаргах тусгай зөвшөөрлийг нийт 11 аймагт, 4 улсын 24 иргэнд олгосон. Зөвшөөрлийн хүрээнд 11 отог байгуулж, аймаг, орон нутгийн ажлын хэсэг болон байгаль орчин хамгаалах албан тушаалтан хянан шалгах үүрэгтэй. 3 хоног тутамд хянан шалгаж, гарал үүслийн бичиг үйлдэн олгохоор хуульчилсан. Иргэн “Э”-д холбогдуулан гадаад иргэний гаргасан гомдлын дагуу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дахь зүйлийн 13.6-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.

Газрын тос эрэн хайх ажиллагаанд саад болсон иргэдийг мөрдөн шалгаж байна

"Монголиа фойсон энержи" ХХК-иас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кэмпийн ажилчдын байранд зөвшөөрөлгүй иргэд нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд дураараа авирлаад байна гэх мэдээлиийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр: 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 24-ний 137 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр сум болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай Монголиа фойсон энержи ХХК 2026 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ийнхүү хайгуулын тоног тоөхөөрөмж, ажилчдын зөөврийн кэмпийг түр байршуулсан. Иргэн Г.Солонгоо, Г.Адилбиш тэргүүтэй иргэд орон нутгийн иргэдийг уриалан түр байрлуулсан кэмпийн ажилчдын байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан асуудлыг мөрдөн шалгаж байна. Уг үйл явдалтай холбогдуулсан 4 иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан, өчигдөр 1 иргэнийг 30 хоногийн хугацаатай шүүхийн захирамжаар цагдан хорьсон. Үлдсэн 3 иргэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах асуудлыг өнөөдөр холбогдох шүүх шийдвэрлэнэ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр, олон нийтэд нээлттэй мэдээлж болох хэсгийг дэлгэж буй талаар сануулав.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe