О.Анужин
Монголчууд хуучин хувцасны дэлгүүрийг “хүний өмсөж хэрэглэж байсан, хямд бараатай” гэж харах хандлага түгээмэл байдаг.
Харин дэлхийн залуусын дунд энэ ойлголт аль хэдийн өөрчлөгдөж, өөрийн гэсэн хэв маяг бүрдүүлэх, ховор загвар олох, байгальд ээлтэй сонголтын нэг хэлбэр болж байна.
АНУ-ын хамгийн том хуучин хувцасны цахим дэлгүүр “Трэд ап|ThredUp” болон Лондон хотод төвтэй зах зээлийн судалгааны байгууллага “ГлобалДата|GlobalData”-гийн 2026 оны судалгаагаар дэлхийн хэрэглэсэн хувцас(second-hand)-ны зах зээл 2030 он гэхэд 393 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй гэв.
Энэ нь нэг хүний өмсөж байсан хувцас нь дараагийн хүнд хэрэггүй хог биш, харин үнэ цэн бүтээх боломжтой бүтээгдэхүүн болсныг харуулж байна.
Ялангуяа винтаж винтэж(vintage) буюу хуучны загварууд сүүлийн жилүүдэд эрэлттэй болсон. Дэлгүүрүүдээс бүгд ижил загварын шинэ хувцас авахын оронд хуучин хувцасны дэлгүүр(thrift shop)-ээс өөр хүнд давтагдахгүй хувцас хайх нь залуусын дунд нэг төрлийн соёл болжээ.
Хувцсаа дахин ашиглах нь зөвхөн мөнгө хэмнэхээс гадна байгальд ээлтэй сонголт болдог.
Нэг хувцсыг дахин өмсөж, өөр хүнд дамжуулах тусам шинээр хувцас үйлдвэрлэх хэрэгцээ багасна. Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрт хувцсыг удаан хэрэглэх, дахин худалдаалах, засварлан ашиглах нь текстилийн хаягдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцолсон байдаг.
Тэгвэл хэрхэн зөв сонголт хийх вэ
Нэгдүгээрт, шошгоноос илүү чанарыг нь хар. Оёдол, цахилгаан, товч, материал нь хэр эдэлгээтэйг шалгаарай.
Хоёрдугаарт, “брэнд” гэдэгт хэт хөтлөгдөх хэрэггүй. Танил нэртэй байхаас илүү биед эвтэйхэн, чанартай, өөрт чинь зохиж байгаа эсэх нь чухал.
Гуравдугаарт, шууд авахаасаа өмнө бод. “Надад үнэхээр хэрэгтэй юу, эсвэл хямдхан болохоор л авч байна уу?” гэж өөрөөсөө асуугаарай.
Дөрөвдүгээрт, хувцсаа арчил. Сайн сонгосон thrift хувцсыг угааж, индүүдэж, шаардлагатай бол бага зэрэг засварлаад өөрийн стиль болгож болно.
Эцэст нь, thrift shop хэсэж хувцаслана гэдэг “хуучин хувцас өмсөх” биш, байгаа зүйлд дахин үнэ цэн өгөх тухай. Магадгүй хэн нэгний шүүгээнд хэрэггүй болсон хувцас таны шүүгээнд хамгийн гоё олдвор байж болох юм.
Эх сурвалж: Sustainable and circular textiles | UNEP - UN Environment Programme
2026 Resale Market and Consumer Trend Report | ThredUp
Сэтгэгдэл үлдээх