Монгол улсын засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар боловсролын байгууллагын шинэ загвар болох “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний санаачилга болон цаг үеийнг асуудпаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Энэ үеэр Аравдугаар сарын 1-нээс цэцэрлэг, сургуульд нэг ч нүхэн жорлон ашиглуулахгүй. 1200 орчим нүхэн жорлонг 129 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчилж байгаа аж. Одоогийн байдлаар 764 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болжээ. Жорлонг нь шинэчилсэн нь цоожтой ашиглуулахгүй байгаа орон нутгуудад сануулга өгчээ.
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 Ногоон сургуулийг шинээр барина
Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургалтын зориулалтаар ашиглаж байгаа барилгын 35,5 хувь нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, ердийн галлагаатай уурын зуух ашиглаж байна.
2026 онд төлөвлөгдсөн 418.2 тэрбум төгрөгийн тогтмол зардлын 325.1 тэрбум төгрөг буюу 77.7 хувь нь энэ төрлийн зардалд ногдож байна.
Тиймээс: “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загварыг 2026-2030 онд үе шаттайгаар хөгжүүлж, нэвтрүүлэх бөгөөд дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.
НОГООН СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, ус хэмнэлт, хог хаягдлын менежмент, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжинэ.
УХААЛАГ СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн дижитал шилжилтийг эрчимжүүлж, анги бүрийг интернет, ухаалаг самбартай болгож, хүүхэд бүрийн дижитал сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургуулийн удирдлагын нэгдсэн цахим систем болон хиймэл оюун ухааны хэрэглээг үе шаттай нэвтрүүлнэ.
ЭРҮҮЛ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг тогтолцоонд оруулж, сургуулийн хоол, ундны ус, ариун цэвэр, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, хүүхдийн сурч хөгжих эрүүл орчныг бүрдүүлнэ.
АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхэд хамгаалал, сэтгэл зүй болон цахим аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх