Хөдөлмөрийн зах зээлийн сулрал ба далд ажилгүйдэл

Г.Энэбиш
2026-08-19

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2026 оны II улирлын Ажиллах хүчний судалгааны дүнгээс харвал Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл зөвхөн саарч байгаа төдийгүй, бүтэц зүйн гүнзгий сулралд орж эхэлснийг илтгэж байна. Албан ёсны ажилгүйдлийн түвшин 5.5 хувьтай гарсан нь харьцангуй тайван амгалан зураглал шиг харагдаж болох ч бодит байдал дээр энэ нь "мөсөн уулын зөвхөн орой" нь юм.

Үндэсний статистикийн хорооны 2026 оны II улирлын Ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 61.5 хувь буюу 1.4 сая хүн ажиллах хүчинд хамрагдаж байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурчээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.1 хувь болж, жилийн өмнөхөөс 1.0 нэгж хувиар буурсан байна.

Тодруулбал, 2026 оны II улиралд нийт ажиллах хүчний 1.368 сая нь ажиллагч, 79.3 мянга нь ажилгүй иргэн байна. Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 22.1 мянгаар буюу 1.6 хувиар буурсан бол ажилгүй иргэдийн тоо 13.4 мянгаар нэмэгджээ.

Албан ёсны ажилгүйдэл 5.5% байгаа ч ажил хийх хүсэлтэй боловч идэвхтэй ажил хайгаагүй болон бусад шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд бүрэн хамрагдаагүй иргэдийг хамтатган үзвэл хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшин 8.7%-д хүрч байна.”

2026 оны II улиралд 79.3 мянган ажилгүй + 50.1 мянган боломжит ажиллах хүч = 129.4 мянган хүн хөдөлмөрийн зах зээлийн боломжоо бүрэн ашиглаж чадахгүй тодорхой эрхэлсэн ажилгүй явна гэсэн үг.

Албан ёсны статистикийн цаана нуугдсан "Итгэл алдарсан" иргэд

Хамгийн аюултай бөгөөд сэтгэл зөөж боломгүй үзүүлэлт бол боломжит ажиллах хүч хоёр дахин өссөн явдал юм. Ажил хийх хүсэлтэй боловч системд итгэх итгэлээ алдсан, ажил хайхаа больсон эсвэл шууд ажиллах боломжгүй 50.1 мянган иргэн хөдөлмөрийн зах зээлийн гадна хаягджээ. Энэ нь бодит ажилгүйдэл, ажлын байрны чанар болон хүртээмж ямар түвшинд байгааг бэлхнээ харуулна. Боломжит ажиллах хүч гэдэг нь ажил хийх хүсэлтэй боловч тодорхой шалтгааны улмаас ажил хайгаагүй, эсвэл шууд ажиллах боломжгүй байгаа хүн амыг хамардаг. Ингэснээр хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 8.7 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар нэмэгджээ.

 

Хөдөлмөрийн дутуу ашиглалт — 8.7 хувьд хүрсэн бодит аюул

Зөвхөн албан ёсоор ажилгүй гэж бүртгүүлсэн 79.3 мянган хүнийг ярихаас илүүтэй, боломжит ажиллах хүчийг нэмж тооцсон 129.4 мянган иргэн хөдөлмөрийн зах зээлийн боломжийг эдэлж чадахгүй байна. Нийт дутуу ашиглалт 8.7 хувьд хүрсэн нь эдийн засагт бүтээмж үйлдвэрлэх ёстой асар том нөөц бололцоо салхинд хийсгэж байгааг нотолж байна. Ажиллагчдын тоо жилийн дотор 22.1 мянгаар буурсан нь бизнесүүд орон тооны цомхотгол хийж, хөдөлмөрийн зардлаа хумиж эхэлсний дохио. Нэг талд эдийн засгийн өсөлт явагдаж байгаа мэт харагдах боловч ажлын байр нэмэгдэж, бүтээмжтэй уялдаагүй уул уурхай дагасан өсөлт болохыг дээрх тоонууд баталж байгаа мэт. Хотын төвөө алхах зуураа ажиглавал үйлчилгээний голдуу газрууд оффисоо суллаж, түрээслүүлнэ гэх зар цахим орчинд нэмэгдэх хандлагатай байна. Ажлын байрны хамгийн ихийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарынхан эдийн засгийн хүндрэлд хамгийн хурдан өртдөг онцлогтой. Бүтэн сарын туршид тэгш сондгойгоор хязгаарласан нь үйлчилгээний газруудын бараа татан авалт болон худалдан авалтад их бага хэмжээгээ нөлөөлж байгаа нь тодорхой юм. Энэхүү хаасан, хязгаарсласан үйлдлийн үр дагаварын тоон утга ирэх 2-3 сард гарна. 

 Хөдөлмөрийн зах зээл 2025 оны сүүлээс саарчээ 

Статистик мэдээнээс харвал 2023 оны IV улирлаас 2025 оны дунд үе хүртэл хөдөлмөр эрхлэлт хэсэг хугацаанд өссөн ч энэ нь тогтвортой бааз суурь дээр үндэслэгдээгүй байсныг 2025 оны сүүлээс эхэлсэн огцом уналтууд харууллаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн түр зуурын сэргэлт дуусгавар болж, гүнзгийрэх хандлагатай сулрал руу шилжжээ.

Ажиллах хүчний оролцооны түвшин болон хөдөлмөр эрхлэлт давхар буурч, ажилгүйдэл ба дутуу ашиглалт давхар өсөж байгаа нь хөдөлмөрийн зах зээл дээр "давхар шахалт" үүссэнийг харуулж байна. Засгийн газар болон бодлого тодорхойлогчид зөвхөн 5.5%-ийн ажилгүйдлийн тоогоор тайвширч болохгүй. Ажлын байр хайхаас цөхөрсөн 50 мянга гаруй иргэнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бодит чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх дорвитой бодлого үгүйлэгдэж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe