Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам БНХАУ-ын талаас уучлалт хүслээ

.Graph
2026-08-19

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзах үеэрээ тус улсын иргэдтэй зүй бус харьцсан асуудлаар уучлалт хүсжээ. 

"Монголиа фойсон энержи" ХХК-иас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан БНХАУ-ын кэмпийн ажилчдын байранд нэр бүхий монгол иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд халдан шууд дамжуулалт хийн дураараа авирласан юм. 

Түр орлогч тэрбээр, уг асуудал Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан талаар ярьж, үүнд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тус улсын Элчин сайдын яамнаас Хятадын ажилчдын хувийн болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалж, үүнтэй төстэй хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг уриалж буйгаа мэдэгдлээ. 

Элчин сайдын яамны мэдээлснээр, Б.Дашпүрэв дээрх асуудлаар Хятадын талаас уучлалт хүсэж, цаашид энэ төрлийн асуудал гаргахгүй байх тал дээр ажиллахаа мэдэгджээ. 

Лхагва гарагт Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, уг үйл явдалтай холбогдуулсан 4 иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан бөгөөд өчигдөр 1 иргэнийг 30 хоногийн хугацаатай шүүхийн захирамжаар цагдан хорьжээ. Харин үлдсэн 3 иргэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах асуудлыг өнөөдөр холбогдох шүүх шийдвэрлэх аж. 

"Монголиа Фэйсинг Энержи" компани нь 2024 онд Засгийн газрын 137 дугаар тогтоолоор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхээ авч, АМГТГ-тай найман жилийн хугацаатай гэрээ байгуулан хоёр дахь жилдээ ажиллаж байна. Уг ажилд 50 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe