Хэрэгт холбогдсон нийслэлийн НАЙМАН төлөөлөгч

Н.Саруулдөл
2026-08-20

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт 45 гишүүнтэй. Тэдний 8 нь ямар нэг хэрэгт холбогдогчоор татагдан шалгагдаж байна. Тэдний заримынх нь хэрэг яасан нь мэдэгдэхгүй замхарсан бол зарим нь аавын хаалга татахад ойрхон иржээ. Хэрэгт холбогдоод буй 8 төлөөлөгчийн хэргийн явцтай танилцъя. 

Нэг. Ж.Батбаясгалан

Тавантолгой түлш ТӨХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа утааг бууруулсан хэмээн өөрийгөө 64 сая төгрөгөөр урамшуулсан нь 2023 онд буюу “Нүүрсний” сонсголын үеэр ил болсон. 

Үүнээс гадна Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулах цогцолборыг барих ажлыг хариуцсан компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэргээр мөн 2023 онд яллагдагчаар татагдсан байна. 

Эдгээр хэргүүд нь эцэслэн шийдэгдээгүй бөгөөд хэрэг хаагдсан талаарх ямар нэг мэдээлэл байхгүй. 

Хоёр. Т.Даваадалай

Туулын хурдын зам болон нэгдүгээр тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, эхнэрийнхээ найзын хоёр компанид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувь эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөг шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татаж, хорьсон. 

Түүнийг нийт 77 хоног хорьсон бөгөөд наймдугаар сарын 7-ны өдөр хилийн хориг тавин сулласан билээ. 

Хэрэг нь шүүгдээгүй, шалгалтын явцад байгаа. 

Гурав. Б.Сэргэлэнбаатар

Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 197 тэрбум төгрөгийн ажлыг сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгуулсан. 

Түүнийг уг хэрэгт холбогдуулан АТГ-аас хойлшлуулшгүйгээр баривчилж, хорьсон ч 48 цагийн дараа суллагдсан билээ.

Үүнээс хойш хэрэг нь ахицгүй болж, мартагдсан. 

Дөрөв. Ч.Мэндбаяр

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдлагын газраар ажиллаж байх үедээ иргэдийн тог, усны төлбөрт илүү бичилт хийж, мөнгө завшсан хэрэгт шалгагдаж байжээ. 

Ингээд уг хэргийг 2022 онд хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг асуудалд МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан оролцож, хэргээс салгасан гэж хардагддаг юм. 

Тав. Ж.Сандагсүрэн

Алдарт “Ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан яллагдагчдын нэг нь тэр байлаа. 

Прокурорын байгууллагаас хэргийг шүүх рүү шилжүүлэх үед Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон билээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байсан юм. 

Зургаа. Л.Хосбаяр

Нийслэлийн мега төслүүдийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилттэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудыг шалгасан.

Энэ хүрээнд Л.Хосбаярыг шалгаж буй бөгөөд мэдүүлэг авах, баримт бичиг гаргуулах ажиллагаанд татан оролцуулсан.

Одоогийн байдлаар яллагдагчаар татсан эсэх тодорхойгүй. 

Долоо. Б.Эрдэнэсүх

22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсон.

Түүнчлэн АТГ-аас төсвийн 4.3 тэрбум төгрөгийн тендерийг хахууль өгөх замаар завшсан гэх иргэний мэдээлэлд үндэслэн шалгаж байсан юм. 

Мөн 2020 оноос хойш фитнесийн багшийнхаа компаниар дамжуулан төсвөөс улирал бүр 15 сая төгрөг завшиж байж болзошгүй гэх мэдээлэл ч гарсан. 

Тэгвэл түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр нь яллагдагчаар татаж, хэрэг шүүхэд шилжсэн юм. 

Найм. Ж.Энхжаргалан

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, дураараа аашилсан, албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222.8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ.

Уг хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.  

Мөн өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг прокурорт хүргүүлсэн юм. 

Хууль нь яадаг вэ

НИТХ-ын төлөөлөгчдийн асуудлыг Монгол Улсын засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг.

Хуульд зааснаар төлөөлөгчийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож, шийдвэр хүчин төгөлдөр болсон нөхцөлд бүрэн эрхийг хугацааг нь дуусгах ёстой. 

Одоогийн байдлаар энэхүү 8 төлөөлөгчийн хэн нь ч үүнийг хангахгүй байгаа юм. Учир нь, тэд хэрэгт холбогдсон ч шүүхээс хэн нь ч ял аваагүй гэсэн үг.

Түүнчлэн тэд УИХ-ын гишүүд шиг дархан эрхгүй бөгөөд бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал байдаггүй аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe