Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) Ирантай хийх бүх төрлийн худалдаа, эдийн засаг, санхүүгийн гүйлгээгээ тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоож, хориг тавилаа. Учир нь Ираны нутаг дэвсгэрээс хоёр баллистик пуужин харвасныг тус улсын Батлан хамгаалах яам илрүүлжээ.
АНЭУ-ын Гадаад хэргийн яамнаас бүс нутгийн нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс энэхүү шийдвэрийг гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей пуужин харвасан гэх буруутгалыг "үндэслэлгүй, зохион байгуулалттай хуурамч ажиллагаа" хэмээн эрс няцаажээ. Энэхүү хориг нь Иранд эдийн засгийн хүнд цохилт болох юм.
АНЭУ нь Хятадын араас ордог Ираны хоёр дахь том худалдааны түнш юм. Хоёр улсын хоорондын жилийн худалдааны эргэлт 27-28 тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд тус улс Ираны импортын гол худалдааны гарц юм. Мөн нийт импортын 30 гаруй хувийг АНЭУ дангаараа нийлүүлдэг аж.
АНУ-ын ойрын холбоотон АНЭУ нь Ойрхи Дорнодын дайны эхэн үед хамгийн их цохилтод өртсөн Персийн булангийн улс байв. Гэсэн хэдий ч Ираны тус улсын нутаг дэвсгэрт хийсэн хамгийн сүүлийн халдлага нь тавдугаар сарын 4-нд газрын тосны экспортын гол төв болох Фужайра боомтод болсон халдлага байв.
Ийнхүү АНЭУ хориг тавьж, Техран дахь Элчин сайдын яамаа хаасан ч энх тайвны яриа хэлэлцээ, дипломат ажиллагаанд нээлттэй хэвээр байгаагаа илэрхийлжээ.
Яг үүнтэй зэрэгцэн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ирантай харилцаа тогтоож, тусалсан аль ч улсын эдийн засаг хүнд нөхцөл байдалтай тулгарна” гэх сүрдүүлгийг өөрийн хуудсаараа зарлаж, Ираны эдийн засгийг үгүй хийх ажиллагаа эхлүүлснээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл үлдээх