О.Анужин
Манай улсын Засгийн газар энэ хичээлийн жил сургуулийн орчинд цахим хэрэглээг хориглох тухай шийдвэрээ танилцуулсан ч хэрхэн яаж гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл өсвөр насныхан буюу “Зи үеийнхнийг(GenZ)” ярианы сэдвээс холдуулж, залгамж халааг нь авах “Альфа үеийнхэнд(GenAlpha)” цахим хэрэглээ хэрхэн нөлөөлдөг талаар танилцуулъя.
Альфа үеийнхэн нь 2010–2025 оны хооронд төрсөн 0-16 насны хүүхдүүд.
Сэтгэл гутрал
Дэлгэцийн хэрэглээ их, цахим сувгуудад идэвхтэй байх тусам сэтгэл гутрал, түгшүүр мэдрэх, анхаарал төвлөрөхөө болих шинж тэмдэгтэй байгааг тогтоожээ.
Мөн дэлгэцийн хэрэглээ нь нойрны асуудал болон хөдөлгөөний идэвх буурах зэрэг биеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдтэй ч холбоотой.
Хамгийн гол нь судлаачид “дэлгэц их хэрэглэснээс болж хүүхэд сэтгэл гутралд ордог” гэж шууд дүгнээгүй. Харин дэлгэцийн хэрэглээ болон сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлуудын хооронд статистик холбоо байгааг олж харсан.
Аль нь нөгөөгөө үүсгэж байгаа, эсвэл хоёуланд нь өөр хүчин зүйл нөлөөлж байгаа эсэхийг бүрэн тогтоохын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэжээ.
Энэхүү үр дүнг дэлгэсэн АНУ-ын “Өсвөр насны тархины танин мэдэхүйн хөгжил” судалгаанд 11,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулсан. Хүүхдийн тархи, танин мэдэхүйн хөгжил, эрүүл мэндийг олон жилийн турш дагаж, судалсан ба оролцогчид анх 9–10 настай байх үеэс судалгаанд хамрагдсан байна.
Судалгаанд 9–15 насны хүүхдүүд дэлгэц болон сошиал медиа ашиглах нь өсөх хандлагатай. Энэ нь Ковид-19 цар тахлын үеэр бүр ч эрчимжсэн талаар мөн дуржээ.
9–10 настай хүүхдүүд өдөрт дунджаар 3.99 цагийг зургаан төрлийн дэлгэцийн хэрэглээнд зарцуулж байсан бол цар тахлын үеэр амралт, зугаа цэнгэлийн зориулалттай дэлгэцийн хэрэглээ өдөрт 7.7 цаг хүртэл нэмэгдсэн.
Нойрны асуудал
Судалгаанд хамрагдсан эрт өсвөр насныхны 63 хувь орчим нь унтлагын өрөөндөө телевиз эсвэл интернэтэд холбогдсон электрон төхөөрөмжтэй байжээ. Унтахын өмнө дэлгэц ашиглах нь унтаж чадахгүй байх, шөнө сэрэх болон нойрны чанар муудахтай холбоотой байсан. Энэ хамаарал жилийн дараа ч хэвээр байжээ.
Судлаачид үүнийг дэлгэцийн цэнхэр гэрэл мелатонины ялгаралд нөлөөлөх, контент хүүхдийн тархийг сэргэлэн байлгах, мэдэгдлийн дуу чимээ нойрыг тасалдуулах зэрэг хэд хэдэн механизмаар тайлбарласан.
2025 онд нийтлэгдсэн өөр нэг судалгаагаар 9–10 насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ болон 11–13 насны үеийн сэтгэл гутралын шинж тэмдгийн хоорондын холбоонд нойрны үргэлжлэх хугацаа тодорхой үүрэгтэй байж болохыг судалжээ.
Тэгвэл альфа үеийнхнийг утаснаас нь салгах ёстой юу
Судлаачдын санаа нь технологийг бүрэн хориглох тухай биш харин хэрхэн, хэзээ, ямар зорилгоор хэрэглэж байгааг анхаарах тухай юм.
Эцэг эх нь хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг зохистой хэмжээнд хянаж, хоолны үеэр болон унтахын өмнө дэлгэцгүй орчин бүрдүүлэх нь аливаа эрсдэлээс сэргийлэх боломжтой. Мөн өөрсдөө хүүхдийнхээ дэргэд утас бага хэрэглэх нь чухал үр нөлөөтэй болохыг онцолсон.
Нэгэнт үй олон дэлгэц шинэ эриний салшгүй хэсэг болсон хойно “дэлгэц муу” гэхээс илүүтэй зохистой хэрэглээ дэлгэрүүлэхийг эрдэмтэд санал болгож байна.
Эх сурвалж: 2025 онд “Current Opinion in Pediatrics” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тойм
Сэтгэгдэл үлдээх