С.Ариун-Эрдэнэ
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв хоёроос доош насны хүүхдэд фтор агуулсан шүдний оо болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг онцолжээ.
Фтор нь зөвхөн шүдний оо төдийгүй ундны ус, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон эх үүсвэрт агуулагддаг. Зарим тохиолдолд хэрэглээ нь аюулгүй хэмжээнээс давж гарах эрсдэлтэй байна.
ДЭМБ-ын мэдээлснээр удаан хугацааны турш өдөрт 6 мг-аас дээш фтор биедээ шингээх нь яс, хөл ба гарын үе өвдөх, цаашлаад яс сийрэгжих, хатуурах эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн АНУ-ын Үндэсний хор судлалын хөтөлбөрийн тойм судалгаанд литр тутамд 1.5 мг-аас их фтор агуулсан усны өндөр нөлөө нь хүүхдийн оюуны чадамж(IQ)-д сөрөг нөлөөтэй байж болзошгүй талаар мэдээлсэн.
Фторын хамгийн түгээмэл гаж нөлөө нь флюороз юм.
Шүдний флюороз нь шүдний паалангийн гадаргуугийн гадаад төрх өөрчлөгдөхийг хэлнэ. Ихэнх тохиолдолд энэ нь шүдний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, өвддөггүй.
Флюороз нь ихэнхдээ хөнгөн хэлбэртэй илэрч, шүдэн дээр үл ялиг цагаан зураас үүсэх бөгөөд энгийн нүдээр анзаарахад бэрх байдаг. Харин ховор тохиолдолд хүндэрч, шүдэнд хонхорхой үүсэх эсвэл бор толбо илэрч болдог талаар Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академиийн эцэг эхчүүдэд зориулсан сайтад мэдээлжээ.
Тэгвэл Монгол Улсад мөрдөгдөж буй ундны усны чанар, аюулгүй байдлын талаар стандартад ундны усанд зөвшөөрөгдөх фторын хэмжээ 0.7-1.5 мг/л байхаар заасан.
Усны чанар, стандартыг шалгадаг Ус сувгийн удирдах газрын 2025 оны дөрөвдүгээр улирлын шинжилгээний үр дүнгээр усан дахь фторын агууламж 0.17-0.73 мг/л хооронд буюу аюулгүй түвшинд байна.
Сэтгэгдэл үлдээх