О.Анужин
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Таван Богд группын автобусны буудлын орчмоос Мишээл эзспо хүртэл 800 метр явган замыг шинэчилж буй ажил удааширчээ.
Иргэдийн мэдээлж буйгаар 2 жил орчим сэндийчиж хаяад, зорчих боломжгүй болсон гэв.
Иргэн Д.Азжаргал: Явахад нэлээн хүндрэлтэй. Машин тэрэг ирж байна уу, үгүй юу гэдгээс эхлээд автобуснууд шүргэх вий дээ, унах вий дээ гэдэг айдастай байна. Гэтэл надаас хөгшин хүмүүс эсвэл хөл муутай, хүүхэд ч бай эрүүл амгалан тайван аюулгүй байх эрхтэй. Тэрийгээ хэрэгжүүлэх үүднээс хурдан шуурхай ажиллаж баймаар байна.
Иргэн Д. Алтанцоож: Яг түгжрэл эхэлдэг үед энд тэндгүй зам сэндийчээд хаячихсан. Таван богдын зам болон 21-р хорооллын замыг маш удаан хугацаагаар хаалаа. Одоо өөр хаана хаагаад сэндийчсэн байгааг нь мэдэхгүй ямар ч зохион байгуулалтгүй зам янзалдаг. Цагаа олоогүй маш их түгжрэл, иргэдийн бухимдлыг үүсгэсэн юм хийж байгаа.
МУИС-ын Математикийн тэнхимийн дэд профессор У. Батзориг: Нэгдсэн шугамаар, нэгдсэн төлөвлөгөө гаргаад, яг дэс дараалалтай, логиктой хийгээд сурчихвал зүгээр байна. Эмх замбараа, логик дараалал алга. Галзуу хотод л амьдраад байгаа юм шиг санагдаж байна. Бензин дууссан, автобус нь ирэхгүй, автобусны буудал дээр ирэхээр нөхцөл байдал иймэрхүү л угтаж байна. Шийдвэр гаргагч нар уялдаа холбоотой, логик дараалалтай шийдвэрээ гаргаж ажиллаж, амьдармаар байна. Тэгэхгүй бол яг галзуурлаа.
Уг ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгийн оруулалтын газраас 2025 оны хоёрдугаар сард тендер зарлан “Эс Эм Жи Ти” ХХК-ийг шалгаруулж, дөрөвдүгээр сараас хойш гүйцэтгэж байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн инженер Г.Энхжин: Мишээл экспогоос Таван богд автобусны буудлын явган хүний зам борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын трасстай давхцал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газрын саналыг үндэслэн явган хүний замын ажлыг түр хугацаанд хойшлуулсан. Яармагийн гүүрнээс АПУ-гийн уулзвар хүртэл нийт 2.4км газраас одоогийн байдлаар нийтдээ 800-900 метр орчим үлдээд байгаа. Тэдгээрийг 2026 оны есдүгээр сарын 15-нд багтааж ашиглалтад оруулна.
Зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулаад буй байршилд ажлын цагаар буюу 15.00 цагийн үед очиход Гүйцэтгэгч компаниас хариуцсан албан тушаалтан, ажил хийж байгаа хүн байсангүй. Алтанцог гэх хүнтэй утсаар холбогдон тодруулахад захирлаас авсан нь дээр байх гэснээс өөр мэдээлэл өгөөгүй.
Тус компани 2010 онд байгуулагдаж, захирлаар нь З.Оюунцэцэг ажиллаж байна. 51 тендерт оролцож, 19-д нь шалгарчээ.
Сэтгэгдэл үлдээх