Монголын нүүдэлчин ард түмний Соёлын биет бус өвийн олон илэрхийллийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ.
Монголын Үндэсний музей тус фестивалийн хүрээнд “Уламжлалт зан үйлийн өргөө”-нд монголчуудын уламжлалт ахуй, ёс заншил, зан үйл, уламжлалт урлагийн өвийг олон нийтэд таниулан сурталчилж байна.

Фестивалийн эхний өдөр Монгол гэр барих ёс уламжлал, шинэ гэрийн ерөөл, хуримын зан үйл, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, оньсон болон модон тоглоомын уламжлалт төрлүүдийг толилуулж, монголчуудын нүүдлийн ахуй соёл, зан заншлын онцлогийг танилцууллаа.
Өвлөн уламжлагчид монголчуудын олон зуун жилийн турш өвлөн уламжилж ирсэн соёлын биет болон биет бус өвийн үнэ цэнэ, онцлогийг сурталчлан таниуллаа.“Уламжлалт зан үйлийн өргөө”-р зочлон, монголчуудын уламжлалт ахуй, зан заншил, өв соёлтой танилцахыг урьж байна.
2026.08.21–23 -ны өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд болж байна.

Сэтгэгдэл үлдээх