Чөлөөт бүсийг төсөвт дарамт биш орлого төвлөрүүлэгч бүс болгоно

Г.Энэбиш
2026-08-21

Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн найруулж, чөлөөт бүсийг улсын төсвөөс санхүүждэг бус, өөрөө өөрийгөө санхүүжүүлж, цаашлаад төсөвт орлого төвлөрүүлдэг эдийн засгийн хөгжлийн механизм болгохоор хуулийн төсөл боловсруулжээ.

Монгол Улсад чөлөөт бүсийн эрх зүйн орчин бүрдээд арав гаруй жил болсон ч “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур”-ын чөлөөт бүсүүдэд улсын төсвөөс хөрөнгө оруулсан хэмжээнд эдийн засгийн үр өгөөж бий болж чадаагүйг хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.Шинэчилсэн найруулгаар чөлөөт бүсийг чөлөөт худалдаа, экспортын үйлдвэрлэл, аж үйлдвэр, шинжлэх ухаан-технологи, нэгдсэн тусгай бүс зэрэг чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгажээ.

Мөн төрийн үйлчилгээг “нэг цонх”-ны зарчмаар цахимжуулах, зөвшөөрлийг эрсдэлд суурилан олгох, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, арбитрын болон маргаан шийдвэрлэх механизмыг боловсронгуй болгохоор төлөвлөсөн байна. Ингэснээр чөлөөт бүсийг зөвхөн татвар, гаалийн хөнгөлөлт эдлүүлэх худалдааны талбар бус, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологи, экспорт, логистикийг дэмжих эдийн засгийн цогц механизм болгох зорилт тавьжээ.

Харин өмнөх чөлөөт бүсүүдэд зарцуулсан төсвийн хөрөнгө оруулалт ямар үр өгөөжтэй байсан, шинэ тогтолцоо нь эдгээр бүсийн олон жилийн үр ашиггүй байдлыг хэрхэн засах нь хуулийн хэрэгжилтийн гол сорилт хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe