СОР17 бага хурлын хүрээнд Монгол Улсын Үндэсний карбон бүртгэлийн системийн демо хувилбарыг өнөөдөр танилцууллаа.Уг системийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хөгжүүлж байна.Үндэсний карбон бүртгэлийн систем нь карбон төсөл, нүүрстөрөгчийн кредит үүсгэлт, олон улсын шилжүүлэг болон холбогдох мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулж, хяналт, ил тод байдлыг хангах техникийн үндсэн дэд бүтэц юм.

Системийг хөгжүүлснээр Монгол Улс олон улсын карбон зах зээлд оролцох боломжоо нэмэгдүүлж, уур амьсгалын төсөл, ногоон хөрөнгө оруулалтад хувийн хэвшил болон олон улсын санхүүжилт татах шинэ боломж бүрдэхээр байна.Монгол Улс 2026 оны долдугаар сарын 2-нд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталж, карбон зах зээл болон үндэсний карбон бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлсэн юм.
Ялангуяа бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулах, бэлчээрийн нүүрстөрөгч шингээлтийг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлэхэд карбон зах зээлээс хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх