Хорт хавдрын эмчилгээнд ашиглах mRNA технологид суурилсан вакцин эмнэлзүйн туршилтын III шатанд амжилттай үр дүн үзүүлсэн нь анагаах ухааны салбарын томоохон дэвшил болсон тухай CNN мэдээллээ.
АНУ-ын эм үйлдвэрлэгч Moderna болон Merck компани наймдугаар сарын 19-нд өвчтөн бүрийн хавдрын онцлогт тохируулан боловсруулдаг intismeran autogene вакцины III шатны туршилт амжилттай болсон талаар мэдээлэв. Уг эмчилгээг Merck-ийн дархлаа эмчилгээний Keytruda эмтэй хавсран хэрэглэхэд мэс заслын дараах меланом буюу арьсны хорт хавдрын дахилт болон биеийн бусад хэсэгт тархах эрсдэлийг Keytruda-г дангаар нь хэрэглэснээс илүүтэйгээр бууруулжээ.

Энэхүү INTerpath-001 туршилтад мэс заслаар хавдрыг бүрэн авхуулсан, өндөр эрсдэлтэй IIB-IV үе шатны меланомтой 1,137 өвчтөн хамрагдсан байна. Туршилтын үндсэн үзүүлэлт болох хавдар дахин үүсэхгүй байх хугацаа болон хавдар алс эрхтэнд тархахгүй байх хугацаа гэсэн хоёр үзүүлэлтэд эмчилгээ статистикийн болон эмнэлзүйн хувьд мэдэгдэхүйц үр дүн үзүүлжээ.
Intismeran autogene нь бүх хүнд ижил найрлагатайгаар хийдэг уламжлалт вакцин биш. Өвчтөний хавдрын эдийг генетикийн түвшинд шинжилж, тухайн хавдрын онцлог мутациас хамааран хувь хүнд нь зориулсан mRNA эмчилгээ боловсруулдаг аж. Энэ mRNA нь дархлааны системд тухайн хавдрын эсийг таних “заавар” өгч, улмаар хорт хавдрын эсийг онилон устгах дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, вакцин нь хавдрыг шууд устгахаас илүүтэй хүний дархлааны системийг тухайн өвчтөний хавдрыг таньж, түүнтэй тэмцэхэд сургадаг байна.
COVID-19 вакцины технологи хорт хавдрын эмчилгээнд орж ирж байгаа нь энэ юм. mRNA технологи нь COVID-19-ийн эсрэг вакцинуудын үеэр дэлхий нийтэд өргөн танигдсан. Харин энэ удаагийн үр дүнгээр уг технологийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна хорт хавдрын эмчилгээнд ашиглах боломжтойг харууллаа.
Moderna болон Merck уг технологийг меланомоос гадна уушги, давсаг, бөөрний хорт хавдар зэрэг бусад төрлийн хавдарт ашиглах судалгааг үргэлжлүүлж байна. Одоогоор нийт есөн II болон III шатны туршилт явагдаж байна.
Гэхдээ энэ эмчилгээг одоогоор өргөн хэрэглээнд нэвтрүүлээгүй байна. Компаниуд туршилтын дэлгэрэнгүй үр дүнг удахгүй олон улсын анагаах ухааны хурлаар танилцуулж, зохицуулах байгууллагуудаас зөвшөөрөл авах шат руу шилжихээр төлөвлөжээ.
Ийнхүү хувь хүний хавдрын генетикийн онцлогт тохируулсан mRNA эмчилгээ III шатны туршилтад анх удаа амжилт үзүүлсэн нь хорт хавдрын эмчилгээг “нэг эм бүх хүнд” зарчмаас өвчтөн бүрт тохирсон эмчилгээний шинэ шатанд шилжүүлэх боломжийг нээж байгаа аж.\
Эх сурвалж: CNN Cancer vaccines could transform treatment and prevention – but misinformation about mRNA vaccines threatens their potential | CNN
Сэтгэгдэл үлдээх