13 байршилд цахилгаан тээврийн хэрэгслийн 30 ширхэг түргэн цэнэглэгч суурилууллаа

.Graph
2026-08-24

Улсын хэмжээнд энэ оны наймдугаар сарын байдлаар 2850 ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 50 мянгад хүргэх зорилт тавьж буй. 

Харин эдгээр автомашиныг цэнэглэх дэд бүтэц хамгийн чухал. Одоогийн байдлаар манай улсад 100 цахилгаан автомашин тутамд нэг цэнэглэгч ноогдож байгаа бол ирэх хоёр жилийн хугацаанд 10 автомашин тутамд нэг цэнэглэгч ноогдуулах зорилготой “Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 

Улаанбаатар хотын худалдааны танхимаас цахилгаан тээврийн хэрэглээг нэмэгдүүлж, цэнэглэх дэд бүтцийг нь хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан уг төслийн хүрээнд 13 байршилд өндөр хүчин чадалтай 30 түргэн цэнэглэгч суурилуулаад байна. Цаашлаад улсын хэмжээнд 500 орчим цэнэглэгч байршуулахаар төлөвлөж  байна. 

Өнөөдөр буюу даваа гарагт 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх "Ногоон өртөө"-г ашиглалтад орууллаа. Тус хэсэгт найман цэнэглэгч байршуулсан бөгөөд энэ нь хамгийн олон буюу 15 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай. Хүчдэлийн сонголтын хувьд хамгийн бага хугацаанд 5-30 минутад цэнэглэх чадалтай аж. Хөтөлбөрийн тооцоолоор жолооч бүр жилд дунджаар 6.75 сая төгрөгийн түлш, засвар үйлчилгээний зардлын хэмнэлт хийх боломжтой байна. 

Нэг жишээ дурдахад, том оврын автомашин цахилгаан цэнэглэлтээр 100 км зам туулахад 6,470 төгрөг, жилдээ 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь автобензин машинтай харьцуулахад 3-5 дахин бага зардал аж. 

Хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр эхний таван жилд 300 сая литр шатахуун хэмнэж,  жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын гадагш мөнгөн урсгалыг бууруулах боломжтой. Мөн 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах юм. 

Дээрх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь ойролцоогоор 33 мянган янданг буулгасантай дүйцэхүйц үзүүлэлт болно. 

Тус хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд хувийн хэвшил болон бизнесийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал ба ААНОАТ -ын тухай хуулийн 22.9 заалтын дагуу ААН-үүд татвар ноогдох орлогын нэг хувь хүртэлх хэмжээний хандив, хөрөнгө оруулалтыг тус төсөлд зарцуулах боломжтой аж. 

Тухайлбал, танай компани төсөлд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр дараа жил төлөх татвараасаа 10 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe