Авто замын хөдөлгөөн хязгаарласан нь Нарантуул захын худалдагчдын орлогыг 70-80 хувь бууруулжээ

.Graph
2026-08-24

О.Анужин

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх наймдугаар сар худалдаа эрхлэгчдийн хувьд жилийн хамгийн ачаалалтай, орлого нэмэгддэг үе. Гэвч энэ жилийн хувьд Монгол Улсад КОП-17 олон улсын хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд(ҮЦХ) энэ сарын 17-28-нд зохион байгуулж буй.

Үүнтэй холбоотойгоор ҮЦХ орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарласан нь Нарантуул олон улсын худалдааны төвийн борлуулалтад шууд нөлөөлж, өдрийн орлого нь 70-80 хувь буурсан талаар худалдаа эрхлэгчид дурдаж байна.

Ялангуяа автомашинаар ирж, их хэмжээний болон овортой бараа худалдан авдаг үйлчлүүлэгчдийн тоо буурсан огцом буурчээ.

Худалдаа эрхлэгч Г.Амгаланбаяр: Бид нар энэ цаг үед л хэдэн төгрөгөө олж авч, амьдрал ахуйгаа дэвжиж, дээшлүүлж байдаг. Энэ хурал зөвлөгөө нь явдгаараа явж болно. Заавал Нарантуул захын энэ олон хүний амьдрал өрнөж яваа газрын замыг нь хааж байх шаардлага байдаг юм уу? Ганц нэг автобусанд суугаад ирж байгаа цөөхөн тооны хүнийг эс тооцвол бид нар орлогогүй байгаа. Энд зээлээс зээлийн хооронд явдаг асар олон хүн байдаг. Бид нар одоо доошоогоо орох шатандаа явж байна.

Нарантуул захын худалдаа эрхлэгчид өмнө нь өдөрт ойролцоогоор 3 сая төгрөгийн бараа борлуулдаг байсан бол авто зам хязгаарласнаас хойш зарим өдөр 500 мянган төгрөгт ч хүрэхгүй байгаа аж.

Дээрх жишээгээр тооцвол өдрийн борлуулалт 3 сая төгрөгөөс 500 мянган төгрөг болж, 83.3 хувиар буурсан байна. Хэрэв энэ байдал 12 хоног үргэлжилбэл хэвийн үед 36 сая төгрөг олох боломж 6 сая төгрөг хүртэл буурахаар байна. 

Тэгэхээр алдагдаж буй 30 сая төгрөг нь цэвэр ашиг бус, борлуулалтын орлого.

Барааны өртгийг борлуулалтын 70 хувь, ашигт ажиллагааг 30 хувь гэж жишээлэн үзвэл өдөрт 750 мянган төгрөгийн ашиг алдаж, 12 хоногт ойролцоогоор 9 сая төгрөгийн ашиг буурах тооцоо гарна.

Борлуулалт буурсан ч худалдаачдын тогтмол зардлууд хэвээрээ байгаа нь гол асуудал.

Худалдаа эрхлэгч М. Баттулга: Том юмнуудыг чинь хүмүүс машингүй учраас авч явахад ер нь асуудалтай л байгаад байна л даа. Тэгээд зогсоолгүй болохоор өдрийн орлого бол бараг 70-аас 80%-аар буурчихсан шүү дээ. Ер нь л авч явж чадахгүй шүү дээ. Бид нар чинь ийм том юм авч явж байна. Энэ цүнх бичиг хэргийнхэн бол яах вэ болчхож бас бариад явчихна шүү дээ. Бид нарын юмыг бол ер нь хэцүү шүү дээ.

Нарантуулд хувцас, гутал зэрэг жижиг бараанаас гадна гэр ахуйн хэрэглэл, тавилга, барилгын материал зэрэг овортой бараа худалдаалдаг. Ийм барааг худалдан авагчид ихэвчлэн автомашинаар зөөвөрлөдөг учраас зогсоолгүй болсон нь борлуулалтад шууд нөлөөлж байгаа гэнэ.

Худалдаа эрхлэгч Н. Хандмаа: Эндээс ирж худалдан авалт хийдэг орон нутгийн хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ганцхан автобусаар ирээд эргээд тэр хүмүүс юмаа барьж явна гэдэг хэцүү. Бид нар ч гэсэн ирэх гэж хэцүү л байна. Бид нарт бол бүүр орлого маш муу болсон одоо түрээсээ сул зогсож байж бараг төлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол зорьсон хүмүүс л ирж байгаа болохоос яг наашаа явахгүй байна шүү дээ. 

Нийслэлийн зүгээс замын хөдөлгөөний хязгаарлалтын үед худалдааны төвүүдийн бараа татан авалтыг шөнийн цагаар буюу 21:00-07:00 цагийн хооронд хийхээр зохицуулсан. Мөн Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн хооронд богино эргэлтийн автобус ажиллуулах зэргээр зохицуулж байгаа.

Гэвч худалдаачдын хувьд асуудал зөвхөн бараа татан авах, нийтийн тээврийн хүртээмжээр дуусахгүй. Худалдан авагч зах руу ирэх боломжгүй болсон нь том эрсдэл.

Худалдаа эрхлэгчдийн хувьд хамгийн чухал нь замын хөдөлгөөний хязгаарлалт хэзээ дуусах бус, алдагдсан борлуулалтаа хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал болоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe