О.Ариун-Эрдэнэ
Их Британийн Хант улсын гүн Харри (Prince Harry) болон түүний эхнэр гүнгийн ахайтан Меган Маркл (Meghan Markle) нар 2020 онд албан ёсоор хааны гэр бүлээ орхиж, Калифорни руу нүүсэн.
Тэд өөрсдийн Америк мөрөөдлөө хөөж эхлэхдээ зөвхөн санхүүгийн хувьд хараат бус болохоос илүү зүйлийг хайж байна хэмээж байсан юм.
Меган Маркл нэг ярилцлагадаа өөрийн сонголтоо өөрөө хийх эрх чөлөөг "яг л чөлөөлөгдсөн мэт" хэмээн тодорхойлж байжээ.
Харри хэлэхдээ, Америк орон түүний гэр бүлд Их Британид "хэзээ ч эдэлж чадахгүй" байсан хувийн орон зай, эрх чөлөөг олгосон бөгөөд энэ бол түүний ээж Диана гүнжийн хүүдээ хүсэж байсан тэр амьдрал мөн гэж байв.
Хос хоёр Лос-Анжелес хотоос хойд зүгт хэдхэн цагийн зайд орших Монтесито хэмээх баячуудын дүүрэгт суурьшсан.
Үүний дараагаар олон сая долларын подкаст болон Нетфликс (Netflix)-ийн гэрээнүүд ар араасаа хөвөрчээ.
Тэдний 25 сая ам.доллароор үнэлэгдэж байсан олон жилийн хугацаатай Спотифи (Spotify) брэндийн гэрээний хүрээнд Меганы хөтөлсөн 12 ангит "Archetypes" подкаст гарсан юм. Тус подкастад Серена Уильямс, Мариа Кери зэрэг алдартай зочид оролцож байв.
Гэвч 2023 онд Спотифай болон хосын эзэмшдэг "Archewell Audio" компани хамтран ажиллахаа албан ёсоор зогсоож, "хоёр талаас харилцан тохиролцож, зам салж байгаагаа" зарласан.
Мөн 2020 онд байгуулсан, 60-100 сая ам.доллароор үнэлэгдэж байсан Нетфликсийн 5 жилийн хугацаатай гэрээний хүрээнд хэд хэдэн нэвтрүүлэг бэлтгэн гаргасан. Гэвч энэ гэрээ нь яваандаа үзвэр үйлчилгээний салбарын уналттай холбоотойгоор хамаагүй бага ашигтай өөр гэрээгээр солигджээ.
Хос хоёр Их Британид очиж жирийн иргэний хувиар амьдарна гэж хэлж байгаа ч тэднийг олны анхаарлаас бүрмөсөн холдоно гэж хэлэхэд хэцүү.
Эх сурвалж:BBC
Сэтгэгдэл үлдээх