КОП-17: Санхүүжилтийн өдөр сэдвийн дагуу хуралдаж байна

.Graph
2026-08-24

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хурлын хоёр дахь долоо хоног эхэлж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын COP17-ын хоёр дахь долоо хоногийн хуралдаан хэдийн эхлээд байна. Юуны өмнө эхний долоо хоногт гарсан гол үйл явдлуудыг товчхон дүгнэе.

Өнгөрсөн долоо хоногт UNCCD-ийн Талуудын төлөөлөгчид Товчооны сонгууль болон хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг батлахаас эхлээд Конвенцын стратегийн хүрээ, төсвийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологи, мөн ган, бэлчээр ба малчид, шороон болон элсэн шуурга, шилжилт хөдөлгөөн зэрэг олон сэдвийн хүрээнд гүнзгий, эрчимтэй хэлэлцүүлэг, хэлэлцээ хийлээ.

Бид олон талын байр суурь, тэргүүлэх чиглэлүүдийг сонсож, өөр өөр үзэл бодол, үндэслэлүүдийг анхааралтай авч үзэн, дэлхий нийтийн ач холбогдол бүхий асуудлуудаар идэвхтэй, агуулгатай хэлэлцүүлэг өрнөж байгааг харлаа.

Бидний өмнө тулгарч буй зарим асуудал нарийн төвөгтэй хэдий ч бидний анхаарал яриа хэлэлцээг нээлттэй байлгаж, урагшлах практик, тэнцвэртэй арга замыг эрэлхийлэхэд чиглэж байна.

Урам зориг төрүүлж буй зүйл нь эдгээр хэлэлцүүлгийн туршид Талууд нийтлэг ойлголцолд хүрч, зөвшилцөл бий болгохыг эрмэлзэж буй хүчтэй хүсэл зоригтой байгааг бид мөн харсан явдал юм.

COP17-ын Ерөнхийлөгчийн хувьд бид ажлын шийдвэр гаргах үе шатанд шилжиж байгаа энэ үед хамтын ажиллагааны энэхүү хандлага маш чухал байх болно. Нийтлэг анхаарал хандуулж буй асуудлуудаар урагшлахын зэрэгцээ олон талын ашиг сонирхлыг харилцан нийцэх боломжит хувилбаруудад нэгтгэхийн тулд Талуудыг хэлэлцээнд бүтээлчээр оролцохыг уриалж байна.

Үндэсний түвшний үйл ажиллагаа, арга хэмжээ нь олон улсын хүчин чармайлттай уялдаж, хамтын амлалт болон үр дүнтэй түншлэлээр дэмжигдсэн үедээ хамгийн үр дүнтэй байдаг.

Харин хоёр дахь долоо хоногийн тухайд, өнөөдөр бид Конвенцын 170 гаруй Талаас өндөр түвшний төлөөлөгчдийг Өндөр түвшний хуралдаанд хүлээн авч байна.

Гурван улсын төр, засгийн тэргүүн асан, 70 гаруй сайд болон дэд сайд, мөн төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч эрхэмсэг Амина Мохаммед болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн байгууллагууд, олон талт байгаль орчны хэлэлцээрүүдийн өндөр түвшний бусад төлөөлөгчид, 18 олон улсын байгууллага, түүнчлэн 25 улсын парламентын гишүүд болон хотын дарга нар бидэнтэй хамт байна.

Талуудын ийнхүү өргөн хүрээнд, идэвхтэй оролцож байгаа нь цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх, бидний хүлээсэн үүрэг амлалтыг бодит үр дүнтэй үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг шийдэмгий байдлыг харуулж байна гэж үзэж байна.

Та бүхний оролцоо нь эрүүл газарт хөрөнгө оруулах нь зөвхөн байгаль орчны зайлшгүй шаардлага төдийгүй эдийн засгийн тэсвэрлэх чадвар, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн суурь гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм.

Хоёр дахь долоо хоногт сэдэвчилсэн өдрүүд үргэлжилнэ.

Өнөөдөр Санхүүжилтийн өдөр, үүний дараа Усны өдөр, Газар ба хүмүүсийн өдөр, Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр тус тус үргэлжилнэ. Сайд нарын түвшний яриа хэлэлцүүлгүүдээр Талууд улс төрийн түвшинд оролцож, үндэсний байр сууриа хуваалцах, эдгээр сэдэвчилсэн чиглэлүүдийн хүрээнд гол тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал бодлоо солилцох боломж бүрдэнэ.

Мөн COP17 нь Бэлчээр ба малчдын олон улсын жилийн хүрээнд болж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэ нь Монгол Улс болон дэлхийн олон орны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Энэ бол эрүүл бэлчээр, тогтвортой мал аж ахуй, малчдын нийгэмлэгийн мэдлэг, туршлагад дэлхий нийтийн анхаарлыг илүү ихээр хандуулахын зэрэгцээ илүү хүчтэй түншлэл, хөрөнгө оруулалтыг дайчлах чухал боломж юм.

Монгол Улс энэхүү Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг урагшлуулж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний амлалтуудыг шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжүүлэхэд бэлэн, хөрөнгө оруулалт татах боломжтой бодит шийдлүүдтэй холбохын зэрэгцээ газар, ус, уур амьсгал, биологийн олон янз байдлын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэж байна.

Энэхүү хөтөлбөр нь COP17-ын зорилго болон хэрэгжилтэд чиглэсэн цар хүрээтэй бүрэн нийцэж байгаа бөгөөд хэлэлцээрээс цааш ахиж, газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, газрын тогтвортой менежмент болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар амлалтуудыг газар дээрх бодит үйл ажиллагаа болгон хувиргахад чиглэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe