Хүн дүрст робот Усэйн Болтын амжилтыг эвдлээ

.Graph
2026-08-24

Хиймэл оюун ухаан буюу AI зөвхөн асуултад хариулдаг, зураг бүтээдэг үеэсээ аль хэдийн холджээ. Технологийн хөгжил бидний төсөөлж байснаас ч хурдан өөрчлөгдөж, роботын ертөнцөд шинэ өрсөлдөөн эхэлж байна. 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотноо наймдугаар сарын 22-нд эхэлсэн “Хүн дүрст роботын дэлхийн наадам|World Humanoid Robot Games” тэмцээний үеэр Хятадын “Тяньгун Ультра|Tiangong Ultra” нэртэй хүн дүрст робот 100 метрийн зайг 9.39 секундэд туулжээ.

Энэ нь Усэйн Болтын 2009 онд тогтоосон хүний 100 метрийн дэлхийн дээд амжилт болох 9.58 секундийн дээд хурдыг эвдээд байна.

Мөн Honor компанийн “Lightning” робот туршилтын үеэр 9.32 секундийн амжилт үзүүлсэн. 

Хамгийн сонирхолтой нь робот барианд хүнээс түрүүлсэн ч зогсохдоо хүн шиг сайн байж чадаагүй.

Хэд хэдэн робот барианы дараах хамгаалалтын дэвсгэр рүү мөргөсөн нь хурд нэмэгдэхийн хэрээр тогтвортой байдал, хөдөлгөөний удирдлага том сорилт хэвээр байгааг харуулсан. 

Гэсэн ч ердөө нэг жилийн өмнө роботын 100 метрийн амжилт 20 секундээс давж байсан гэж бодохоор энэ өөрчлөлт гайхмаар. 2025 оны тэмцээний 100 метрийн  ялагч 21.50 секунд зарцуулж байв. Ийнхүү роботын хурд нэг жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. 

Роботуудыг хүнтэй өрсөлдүүлэх замаар тэдний хурд, тэнцвэр, хөдөлгөөний уялдаа, орчиндоо дасан зохицох чадварыг бодитоор харж байгаа юм. 

Энэ жилийн тэмцээнд 16 орны 666 багийн 2000 гаруй робот оролцож, 51 төрлийн тэмцээнд хурд, хөл бөмбөг, ширээний теннис зэрэг спортын төрлөөс гадна үйлдвэрлэл, ресторан, оффис, онцгой байдлын нөхцөлд ажиллах чадвараа сорьж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe