НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Мохаммед Чингэлтэй дүүрэгт зочилж, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй танилцлаа.
COP17 Монгол Улсад зохион байгуулж буй энэ үед тогтвортой хөгжлийн шийдлийг айл өрхийн түвшинд хэрхэн бодитоор хэрэгжүүлж буйг Чингэлтэй дүүргийн жишээгээр танилцуулав. Тодруулбал, нарны эрчим хүчид суурилсан халаалтын систем ашиглаж эхэлсэн өрхөөр зочилж, уг шийдлийн хэрэглээ, үр нөлөө болон өрхийн амьдралд гарч буй өөрчлөлтийн талаар биечлэн танилцав.
Чингэлтэй дүүрэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA)-ийн санхүүжилтээр 500 орчим өрхийг нарны эрчим хүчид суурилсан халаалтын системд үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн эхний ээлжид 48 өрх уламжлалт зуухаа нарны эрчим хүчид суурилсан халаалтын системээр сольж, сэргээгдэх эрчим хүч ашиглаж эхлээд байна.
Энэхүү төсөл нь гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, өрхийн халаалтын шийдлийг шинэчлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх