Стресстэй үед жижиг цэврүү ихсэх хандлагатай байдаг

.Graph
2026-08-24

С.Ариун-Эрдэнэ

Дисгидроз экзем (Dyshidrotic Eczema) нь гарын алга, хуруу, хөлийн уланд жижигхэн шингэнээр дүүрсэн цэврүү үүсгэдэг арьсны өвчин юм.

Уг цэврүү нь ихээр загатнаж, хорсдог бөгөөд эдгэрэх явцдаа хагарч хуулардаг байна.

Тухайн өвчний шалтгааныг бүрэн тогтоогоогүй ч харшил, стресс, хөлрөлт ихтэй байдал зэрэг нь өвчнийг сэдрээх өдөөгч хүчин зүйлд тооцогддог аж.

Уг өвчин нь хүнээс хүнд халдварладаггүй бөгөөд харшил үүсгэгч, цочроогч бодис, амьдралын хэвшил стресс, тамхи татах, гараа ойр ойрхон угаах, цаг агаар зэрэг нь өвчнийг сэдрээдэг байна. Тус өвчний шинж тэмдэг нь 2–3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд давтан тохиолдох магадлалтай тул тохирох эмчилгээ хийж шинж тэмдгийг хянаж бууруулдаг.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж нийтэлдэг Мэйо Клиник сайтад Дисгидрозын эмчилгээнд эмчийн жороор олгодог стероидтой тос түрхлэг хэрэглэдэг. Мөн шарлага, эм, тариа гэх эмчилгээний төрлүүд бий ч өвчтөний шинж тэмдэг хүндрэлийн зэргээс хамаарч тохирох хэлбэрийг ашиглана гэж тэмдэглэсэн байна.

АНУ-ын Арьсны халдварт өвчин судлалын үндэсний холбооны мэдээлж буйгаар тус өвчний үед ажиглагддаг нийтлэг шинж тэмдэг нь,

  • Гарын алга, хуруу, хөлийн ул ихээр загатнах
  • Гар, хөлд шингэнээр дүүрсэн жижиг цэврүү үзэгдэх
  • Цэврүү орчим загатнаж, хорсох
  • Цэврүүний эргэн тойрны арьс хайрсжих
  • Цэврүү арилсны дараа арьс хуурайшиж, хуулрах
  • Арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг байна.

Уг өвчний шинж тэмдгийг мэргэжлийн эмчид хандаж үзүүлэн харшлын шинжилгээ хийлгэснээр тодорхой болгож оношлох боломжтой. Учир нь дисгидрозтой төстэй харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчин олон төрөл бий. Иймд мэргэжлийн эмчид хандаж нарийн үзлэг хийлгэснээр тохирох эмчилгээ авах нь зүйтэй.

Эх сурвалж: Mongolian Fact Checking Cente

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe