О.Анужин
Холливудын жүжигчин Жонни Депп(Johnny Depp) “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын шинэ ангид ахмад Жек Спэрроугийн(Jack Sparrow) дүрээр эргэн ирэх эсэх нь кино сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ.
Тус киноны продюсер Жерри Брукхаймер(Jerry Bruckheimer) наймдугаар сарын 16-нд болсон “D23” арга хэмжээний үеэр “Deadline” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Жонни Депптэй дахин хамтран ажиллах талаар ярилцаж байгаагаа хэлжээ.
Жерри Брукхаймер: Бид Жоннитой ярилцаж байгаа. Мөн зохиол дээр ажиллаж байна. Үүнийг хийж чадна гэж найдаж байна.
Жонни Депп 2003 онд нээлтээ хийсэн цувралд Жек Спэрроугийн дүрийг анхлан бүтээж, цувралын хамгийн алдартай дүрүүдийн нэг болсон билээ.
Жүжигчин хамгийн сүүлд 2017 онд гарсан “Карибын тэнгисийн дээрэмчид: Үхэгсэд үлгэр ярьдаггүй” кинонд Жек Спэрроугийн дүрээр тоглосноос хойш уг дүрээрээ дэлгэцэд гараагүй.
Учир нь түүний өмнөх эхнэр Амбер Хердтэй холбоотой хүчирхийллийн хэрэгт нэр холбогдоод байсан нь киноны багийнхан зай барих шалтгаан болж байв. Тэгвэл дөрвөн жилийн өмнө шүүхээр нааштай шийдэгдсэнээр ийнхүү буцаад Жонни Деппийг сонирхох болжээ.
Харин одоо зургаа дахь ангийг бүтээх ажил үргэлжилж, Жонни Деппийн эргэн ирэх боломж дахин яригдаж эхэлжээ. Шинэ киноны үйл явдалд Маргот Робби(Margot Robbie)-гийн бүтээх дүр гол байр суурь эзлэхээр яригдаж байгаа. Харин Депп эргэн ирсэн тохиолдолд Жек Спэрроу өмнөх кинонуудынх шиг гол дүр бус, туслах дүрээр гарах хувилбар байгаа аж.
Гэхдээ Жонни Депп кинонд тоглох нь одоогоор албан ёсоор батлагдаагүй. Киноны зохиол ч эцэслэн дуусаагүй байна.
Сэтгэгдэл үлдээх