Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд 3.53 их наяд төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг 30,899 зээлдэгчид олгожээ. Зээлдэгчид жилдээ 5-8 хувийн хүү төлж тухайн мөнгийг эргэлдүүлж байгаа бол хүүгийн зөрүү болох 7-13 хувийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байна. Бодлогын хүүгээс ч бага хүүгээр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч байгаа ААН, иргэдийн тухайн салбарт чиглэсэн бизнесийн үр өгөөжийг тооцох нь чухал байна. Одоогийн байдлаар татаастай хөтөлбөрийн зээлийн 1.56 их наяд төгрөг буюу 44.1 хувь нь эргэн төлөгдсөн бол 1.97 их наяд төгрөг буюу 55.9 хувь нь зээлийн үлдэгдэлтэй байна. Харин нийт чанаргүй зээлийн хэмжээ 0,3 хувьтай байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ бага байгаа хэдий ч нийт зээл олгогдож дуусаагүй буюу одоо ч үргэлжилж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн хүрээнд олгосон 100 төгрөг тутмын 44 төгрөг нь эргэн төлөгдөж, 56 төгрөгийн зээлийн үндсэн үлдэгдэл хэвээр байгаа гэсэн үг.
Эдгээр зээл нь зах зээлийн нөхцөлөөс харьцангуй хөнгөлөлттэй бөгөөд зээлдэгчийн төлөх жилийн хүү 5-8 хувь, харин зээлийн эх үүсвэрийн өртөг 7-13 хувь байна. Зээлийн хугацаа тав хүртэл жилээр тогтоогджээ. Ийнхүү зээлдэгчийн төлөх хүү болон эх үүсвэрийн өртгийн зөрүүг төрөөс татаасаар нөхөх байдлаар санхүүжүүлж. Тухайлбал, 2025 онд олгосон зээлийн хүүгийн татаас 251.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хөтөлбөрүүдийг задалж харвал
Ийнхүү нэн хөнгөлөлттэй хэлбэрээр улсын төсвөөс зээлийн хүүгийн зөрүү буюу татаасыг нь төлөх замаар нийт 3.53 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн 1.97 их наяд төгрөгийн хөрөнгө одоогоор эргэлтэд буцаан орж ирээгүй байгаа нь төрийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, татаасын бодлогын өгөөжийг эргэн төлөлттэй нь хамтатган үнэлэх шаардлагатайг харуулж байна.
Алиаваа бодлогыг тодорхой хугацаатай явуулж ямар үр дүнд хүрснийг нь зарлах ёстой. Эдгээр зээлийг хэн авсан, ямар үр дүнд хүрснийг нийтэд тайлагнах хэрэгтэй байна. 1 сая төгрөгийн хүүгийн татаас өгөхөд нийгэм эдийн засгийн, ажлын байрны ямар өгөөж бий болсныг судлах хэрэгтэй. Үгүй бол төрийн татаастай зээлээр олон жил амьдарч угжуулж ирсэн хур баян хүмүүс монголын төрд цөөнгүй бий.
Нийгмийн болон хараат эмзэг байдлаа бууруулах, чадавхжуулахад чиглэсэн хөтөлбөрүүдийн үр дүнг нягтлах ил тод мэдээлэх хэрэгтэй байна. Мөн хөтөлбөр тодорхой хугацаатай тухайн хугацаандаа тус салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсээ бойжуулж, хөтөлбөр хэрэгжиж дуусаад биеэ дааж бизнесээ явуулах байдлаар дуусах тодорхой цаг хугацаа үр дүнд чиглэсэн байдлаар явуулах шаардлагатай болжээ.
Сэтгэгдэл үлдээх