Альфа үеийнхэн тусдаа хэлээр ярьдаг уу

.Graph
2026-08-26

О.Анужин

Сүүлийн үед “Sigma”, “rizz”, “NPC”, “skibidi” зэрэг үгсийг цахим  ашигладаг хэн бүхэн хаа нэгтээ харсан байх.

Гэхдээ эдгээрийг шууд орчуулах гэж оролдоход утга нь бүрхэг болно. Сонирхолтой нь, энэ яриаг ойлгоход хүмүүс төдийгүй хиймэл оюун ухаан ч заримдаа бүдэрдэг аж.

Учир нь цахим хэллэгийн нэг онцлог нь үг өөрөө биш, түүнийг ямар нөхцөлд хэрэглэж байгаагаас хамаарч утга нь өөрчлөгддөг болсон. 

Энэтхэгийн судлаачид альфа үеийнхний цахим орчинд хэрэглэдэг 100 гаруй дээрх мэт хэллэгийг судалж, “Google Translate”, “ChatGPT 4”, “Gemini 1.0” болон “DeepSeek v3” зэрэг хиймэл оюунаар утгыг нь тайлбарлуулжээ.

Судалгааны үр дүнг 2025 онд Компьютерын хэл шинжлэлийн холбооны хурлын эмхтгэлд нийтэлсэн байна.

“let him cook” гэдэг нь хэн нэгнийг өөрийнхөөрөө хийхийг нь дэмжиж, “үргэлжлүүл, чадна” гэсэн санаа илэрхийлж болно. Харин өөр нөхцөлд бүтэлгүйтэж байгаа хүнийг шоолсон егөөдөл ч болж чадна. 

“You ate” гэдэг нь мөн адил хоол идсэн тухай биш. Хэн нэгэн ямар нэг зүйлийг маш сайн хийсэн үед “чи ёстой тасархай байлаа” гэсэн утгаар хэрэглэнэ.

“Rizz” нь хүнийг бусдад татагдахуйц, ялангуяа романтик харилцаанд өөртөө татах чадварыг хэлэхэд ашигладаг.

“NPC” нь тоглоомын ертөнцөөс гаралтай ч өнөөдөр бодолгүй, нэг хэвийн үйлдэл хийдэг хүнийг дүрслэхэд хэрэглэдэг.

Эдгээр үгийг толь бичгээс хайгаад утгыг нь бүрэн ойлгох боломжгүй. Үгийн ард тухайн үеийн мийм, тоглоом, цахим платформын соёл хүртэл дагалдаж явдаг. 

Тэгвэл альфа үеийнхэн яаж ингэж хурдан шинэ үг бүтээдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ.

Үүний нэг шалтгаан нь тэдний орчин өмнөх үеийнхээс эрс өөр болсон явдал юм. Өмнө нь шинэ үг өдөр тутмын яриа, телевиз, дуу хөгжим, кино зэргээр дамжин тархдаг байсан бол өнөөдөр нэг мийм хэдхэн цагийн дотор дэлхий даяар тархах боломжтой. Тоглоомын нэг хэллэг тиктикод орж, инстаграмаар дамжин өдөр тутмын ярианд нэвтэрч болно.

Дээр дурдсан судалгаанд шинэ үеийн хэллэгүүдийн нэг онцлог нь үгийг товчлох, өмнөх үгийн утгыг өөрчлөх, цахим соёлоос шинэ утга үүсгэх явдал болохыг дурджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe