Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшил газарт хууль бусаар “Royal car wash” нэртэй авто угаалга ажиллаж байна.
Уг талбайг чөлөөлөх 3 шатны шүүхийн шийдвэртэй ба энэ сарын 1 гэхэд газар чөлөөлөхгүй бол албадан биелүүл хэмээн тогтоожээ. Гэтэл энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй талаар Хуульч А.Базар мэдээллээ.
"Royal Car Wash" авто угаалгын төв нь БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ууганбаяр, Ц.Ууганбаяр нарын эзэмшлийн Титэм орд ХХК болон Рояал мега ХХК-ийнх юм байна.
Хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатар болон Б.Очир, өмгөөлөгчөөр А.Базар, Ж.Содномдаржаа нарын нэхэмжлэлээр анх өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анхан шатны шүүхээр, 12 дугаар сард давж заалдах шатны шүүхээс тус тус дээрх байдлаар шийдсэн юм.
Компанийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч, Дээд шүүхэд хандсан ч хүлээж аваагүй. Иймд маргаан энэ оны эхээр шүүхийн шатад эцэслэн шийдэгдсэн гэсэн үг.
БЗД-ийн 36 дугаар хороо нь хүн амын нягтрал өндөртэй, ихэвчлэн орон сууцны хороолол болон үйлчилгээний төвүүд төвлөрсөн бүс.
Уг хорооны авто замын зөвхөн арын хэсэг буюу дээр дурдсан авто угаалгын газрыг хамрах зам дагуу “Их Монгол резиденс”, “Кристал таун”, “Сүмбэр орд”, “Баянмонгол”, “Имиралд”, “Саруул” зэрэг хотхон хорооллууд байрлдаг. Тэр чинээгээрээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих эрх хөндөгдөж байна.
Сэтгэгдэл үлдээх