МАН-ын дотроо ойлголцсон гэх мэдээллийг Э.Болормаа үгүйсгэв

Г.Энэбиш
2026-08-27

МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж, Засгийн газрыг унагахгүй, тогтвортой ажиллуулах асуудлаар талууд ойлголцсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдсан. Харин МАН-ын гишүүн Э.Болормаа энэ мэдээллийг үгүйсгэж, Засгийн газрыг огцруулахгүй байх асуудлаар бүлэг 100 хувь санал нэгдээгүй гэдгийг цахим хуудсаараа дамжуулж мэдээлэв. 

Ийнхүү МАН доторх зөрчил намжсан гэхээсээ илүүтэй түр хугацаанд далд хэлбэрт шилжсэн байж болох талтай. Тус нам улс төрийн хурц асуудлаа хаалттай хурал, уулзалтаар хэлэлцэж, ил болон далд тохиролцоогоор шийддэг арга барилтай.  Энэ тохиролцоо бодит эсэхийг удахгүй болох төсвийн тодотголын хэлэлцүүлэг болон ирэх оны улсын төсөв батлах үеийн санал хураалт харуулна. 

МАН-ын дотоод хагарал энэ намар дахин сэдэрвэл эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлд ашигтай байж болох ч иргэдэд ямар ч өгөөжгүй. Өнөөдөр махны үнэ 40 мянган төгрөгт хүрч, инфляц 13 хувийг давсан энэ үед иргэд нам доторх сандал суудлын тэмцлээс илүү үнийн өсөлтийг тогтоох, орлогыг хамгаалах, эдийн засгийг тогтворжуулах бодит шийдэл хүлээж байна.

Гэтэл улс төрчид ард түмний амьдралын асуудлаас илүү өөрсдийнхөө дотоод зөрчлийг шийдэхэд анхаарч байгаа дүр зураг үргэлжилсээр байна. Иргэдийн халаас хоосорч байхад МАН-ынхан хөнжилдөө жийлцсээр...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe