74 мянган нэгдүгээр ангийн сурагч 9 сард сургуулийн орчинтой танилцах, дасан зохицох хөтөлбөрөөр суралцана
2026–2027 оны хичээлийн жилээс бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Үүний хүрээнд нэгдүгээр ангид элсэн суралцах 74 мянга орчим хүүхэд шинэ хөтөлбөр, шинэчилсэн сурах бичгээр хичээллэхээр болжээ.
Нэгдүгээр ангийн сурагчдыг есдүгээр сард шууд хичээлийн агуулгаар шахах бус, сургуулийн орчинд дасан зохицох, танин мэдэх үйл явцыг дэмжихэд түлхүү анхаарахаар төлөвлөжээ. Мөн хичээлийн бус цагаар хүүхдийн бүтээлч байдал, оролцоог дэмжих үйл ажиллагааг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн шатрын сургалт оруулах ба энэ нь шийдвэр гаргах, сэтгэх, суралцах үйл явцыг дэмжих зорилготой аж.
Боловсролын яамны мэдээллээр бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрт монгол хэл, математик, байгаль шинжлэл, дүрслэх урлаг, дизайн, компьютерын ухаан, хөгжим, нийгмийн ухаан, биеийн тамир, эрүүл мэнд, англи хэл зэрэг 11 хөтөлбөрийг баталсан байна. Мөн энэ шинэчлэлээр компьютерын ухааны хичээлийг 3 дугаар ангиас эхлэн судлахаар болсон байна.
42 байршилд сум дундын сургуулийн бүтцийг өөрчлөнө
Сум дундын бүрэн дунд сургуулийн бүтцийг дахин төлөвлөж, сургалтын орон зайг оновчлохын зэрэгцээ үр ашиггүй зардлыг бууруулах өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 42 байршилд сургуулийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Гэхдээ сургуулийн бүтцийн өөрчлөлтийг зөвхөн зардал бууруулах арга хэмжээ болгох бус, орон нутгийн хүүхдүүдийн сургуульд хүрэх боломж, сургалтын чанарт хэрхэн нөлөөлөхийг тооцох шаардлагатай юм.
Нийслэлд нэг ангид 45-аас олон хүүхэд суулгахгүй байх зорилт тавьжээ
Нийслэлийн сургуулиудын хэт ачааллыг бууруулах хүрээнд нэг ангид 45-аас дээшгүй хүүхэд суралцуулах зорилт тавьжээ. Боловсролын яамны мэдээллээр 2025–2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нэг ангид 45-аас дээш хүүхэд суралцаж буй 1089 бүлэг байсан бөгөөд 3000-аас дээш сурагчтай 45 сургуулийн 38 нь нийслэлд байжээ.
Үүний зэрэгцээ нийслэлд төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог өргөжүүлэхээр бэлтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 16 төрөлжсөн ахлах сургууль, орон нутагт 18 аймагт 20 сургууль ажиллуулахаар төлөвлөжээ.
Төрөлжсөн ахлах сургуулиудыг:
Харин олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг зургаан сургууль үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Түр оршин суугчийн хүүхдээс байрны ордер шаардахгүй
Сургуульд хүүхдээ бүртгүүлэх үед тухайн хаягт оршин суудаг гэдгийг нотлохдоо байрны ордер шаардаж байгаа талаар эцэг, эхчүүдээс гомдол ирсэн байна.
Энэ асуудлаар Боловсролын яамнаас түр оршин суугч гэдгээ нотлоход заавал байрны ордер шаардахгүй гэж тайлбарлажээ. Харин тухайн хаягт түр оршин сууж байгааг батлах холбогдох баримт бичиг шаардлагатай аж.
Ялангуяа саяхан тухайн байранд нүүж ирсэн өрхүүдийн хувьд бүртгэлийн асуудал үүсэж байгаа бөгөөд ийм тохиолдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээлсэн байна.
Ингэснээр энэ хичээлийн жилд боловсролын салбарын шинэчлэл нь зөвхөн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй, сургуулийн бүтэц, анги дүүргэлт, ахлах боловсролын төрөлжилт, сурагчдын сургалтын орчинд дасан зохицох бодлоготой зэрэгцэн хэрэгжихээр байна.
Сэтгэгдэл үлдээх