Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ
Нийтийн албан тушаалтан нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ.
Тэгвэл ашиг сонирхлын зөрчилтэй 4 сайдтай танилцъя.
Зургаар үзэх бол энд дараарай.
Нэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Монгол Улсын гадаад паспортыг гадаадад хэвлэдэг байсан бөгөөд 2023 оноос Монгол Улсдаа хэвлэхээр болж, Төрийн үнэт цаас хэвлэл ТӨХХК уг ажлыг хариуцахаар болжээ. Уг компанийн 51 хувийг УБЕГ, 49 хувийг Мигасон ХХК эзэмшдэг.
Тэгвэл Мигасон ХХК-ийг Мөнхийн үсэг ХХК-ийн ажилтнууд үүсгэн байгуулсан бөгөөд Мөнхийн үсэг ХХК-ийг Б.Батцэцэг сайдын аав үүсгэн байгуулж, сайдын хувьд 1996-2005 онд Ерөнхий захирлаар нь ажиллаж байсан.
Мигасон ХХК-ийн эзэмшигч Н.Цэрэндолгор нь Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компаниудад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, баруун гар гэгддэг хүн юм.
Ийнхүү 2023 оноос гадаад паспортыг дотооддоо хэвлэж эхэлснээс хойш Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компани үүнд оролцож байгаа гэсэн үг билээ.
Хоёр. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
Түүний эзэмшлийн "Монголиан транс ложистик" ХХК, "Монголиан транс лайн" ХХК нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулж, барьсан.
Ингэхдээ барих-ашиглах-шилжүүлэх концессыг 20 жил эзэмшихээр болсон юм.
Гурав. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
Түүний хувьд Монфарм трейд ХХК-ийг эзэмшдэг хэмээн ХОМ-тээ дурджээ.
Тус компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог, 21 жилийн түүхтэй компани юм.
Дөрөв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин
ХОМ-тээ Номсис ХХК-ийг эзэмшдэг хэмээн бүртгүүлжээ.
Тус компанийн захирлаар Ч.Номин сайдын нөхөр Г.Бат-Эрдэнэ ажилладаг бөгөөд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Яг юу нь буруу вэ
Төрийн албан тушаалтан өөрийн хувийн бизнес, хөрөнгө оруулалттай салбарыг бодлогоор зохицуулах нь нийтийн эрх ашиг болон хувийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөх эрсдэлтэй учраас зарчмын хувьд буруу.
Хууль зөрчөөгүй байсан ч өөрийн бизнесийн ашигт нөлөөлөх шийдвэр гаргах боломжтой байгаа нь шударга, хараат бус шийдвэр гаргаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж, төрд итгэх олон нийтийн итгэлийг сулруулдаг.
Ёс зүйн хувьд төрийн эрх мэдлийг өөрийн болон холбоотой этгээдийн ашиг сонирхлоос ангид байлгаж, нийтийн эрх ашгийг хувийн ашгаас дээгүүр тавих ёстой.
Сэтгэгдэл үлдээх