Английн зүүн хэсгийн Бедфордширд амьдардаг хоёр хүүхдийн эцэг Рис Хиббертийн хавдрыг хиймэл оюуны тусламжтайгаар амжилттай эмчилжээ. Шинжилгээгээр түүний өнчин тархины булчирхай дээр 11мм хэмжээтэй хорт хавдар ургаж байгааг тогтоосон ба уг хавдар томорвоос өвчтөн хараагаа алдах эрсдэлтэй байжээ.
Уг булчирхай нь хүний өсөлт, бодисын солилцоо, цусны даралт зэрэгт нөлөөлдөг чухал булчирхай юм байна. Мөн харааны үйл ажиллагааг хянадаг өнчин тархины булчирхай цусны судас болон мэдрэлүүдтэй нягт холбоотой байдаг тул нэг миллиметрийн буруу үйлдэл нь өвчтөнийг хараагүй болгох, цаашлаад үхэлд хүргэж болзошгүйг эрүүл мэндийн салбарынхан мэдэгдсэн юм.
Мэс заслыг тавдугаар сард Мэдрэлийн мэс засалч, профессор Хани Маркус, Данял Хан нар Лондоны Их Сургуулийн Коллежийн эмнэлгийн NHS сангийн харьяа Үндэсний Мэдрэл, Мэдрэлийн мэс заслын эмнэлэгт (NHNN) хийжээ. Харин өнгөрсөн хугацаанд өвчтөнийг эдгэрэх хүртэл мэдээллийг нь нууцалж байжээ.
Хиймэл оюун ухаан мэс заслын үеийн дүрс бичлэгийг бодит цагт шинжилж, тархины нуугдмал чухал судас, мэдрэлийг танин, мэс засалчдад тэдгээрийг гэмтээхээс зайлсхийхэд тусалжээ. Ингэснээр хавдрыг илүү аюулгүй авах боломж бүрдсэн байна.
Хиймэл оюуны тусламжгүйгээр хавдрыг бүхэлд нь авч чадахгүй байх магадлал 25-50 хувь байсан бол гол судас гэмтэх магадлал 0.5-2 хувь байжээ.
48 настай Рис Хибберт хагалгаанаас өмнө хараагаа бага багаар алдсаар байсан ч мэс заслаас найман долоо хоногийн дараа хараа нь сайжирч байгааг анзаарчээ.
Сэтгэгдэл үлдээх