2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баяраагийн Батхүү хаягаас “СЕЛИН ДИОН “Хүүхдүүдийн цус ууж, иддэг байсан”-аа олны өмнө буюу камерийн өмнө хүлээн зөвшөөрөв” гэсэн агуулгатай пост (архивласан хувилбар) нийтэлсэн байна. Уг пост 467 реакц, 236 сэтгэгдэл авч, 1,600 гаруй удаа цааш түгээгджээ.
FACT CHECK:
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг, бичлэгийн хэсгийг Google lens хайлтын системээр хайхад илэрцүүдийн эхэнд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Lead Stories баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж 2026 оны 08 дугаар сарын 24-нд дараах байдлаар тайлбарлажээ.
Тодруулбал, “олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн эвлүүлэг бүхий бичлэг нь Дионы уналт таталт өгч, дараа нь бие нь дээрдэж буйг харуулсан баримтат киноны хэсгээс авсан кадр юм. Эх бичлэг дээрээ тэрээр хүүхэд идсэн эсвэл тэдний цусыг уусан гэж огт хэлдэггүй” гэжээ.
Селин Дионы хамартаа цацлага хэрэглэж буй зураг нь түүний 2024 оны “I Am: Celine Dion” баримтат киноноос авсан кадр бөгөөд уг хэсэгт түүний уналт таталт өгч, дараа нь бие нь дээрдэж буйг харуулдаг.
Уг киноны хэсгийг 1:30:00 секундээс үзэх боломжтой. Түүнчлэн дээрх баримт шалгалтын тайлбарт, Селин Дионы арагшаа хараад сууж байгаа видео бичлэг нь мөн “I Am: Celine Dion” баримтат киноноос авсан кадр болохыг тайлбарласан. Тухайлбал, “Access Hollywood” YouTube сувагт “I Am: Celine Dion” баримтат киноны тухайн хэсгийг байршуулжээ.

Эх бичлэг дээр Дион “Би хүүхэд идсэн” эсвэл “цус уусан” гэж огт хэлдэггүй. Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан хүүхдийн зургийг Google lens ашиглан хайхад 2012 онд The Journal of Emergency Medicine сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн “Үсэрхийлсэн невробластома: Хүүхдийн суваг ясны хугарлыг сорилтод оруулж дуурайдаг өвчин” гарчигтай судалгаанд “Figures 4”-т оруулсан зураг байна.

Дүгнэж хэлбэл, 2024 онд цацагдсан “I Am: Celine Dion” баримтат киноны дүрс бичлэгийг ашиглан Селин Дион “хүүхдүүдийн цусыг ууж, иддэг байсан” гэж төөрөгдүүлжээ. Тус баримтат кинонд “Би хүүхэд идсэн” эсвэл “цус уусан” гэж огт хэлдэггүй байна.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв
Сэтгэгдэл үлдээх