Италид хоол идэж байхдаа хийж болохгүй долоон зүйл

.Graph
2026-08-28

С.Ариун-Эрдэнэ

Жил бүр сая сая аялагчид Италийн алдартай хоолны соёлд татагдан ирдэг. Гэвч эндхийн хоолны өвөрмөц соёлыг бүрэн ойлгодог жуулчин цөөн.

Тэгвэл “BBC Studios” компанийн Аялал жуулчлалын чиглэлийн ахлах сэтгүүлч  Эва Сандовал(Eva Sandoval) Италид хоол идэж байхдаа хийж болохгүй долоон зүйлийг нэрлэжээ.

Зургаар үзэх бол энд дараарай.

1. Өглөөний цайнаас хойш капучино бүү захиал

Италичууд өдрийн цагаас хойш капучино уудаггүй. Тэдний өглөөний цай ихэвчлэн нарийн боов зэрэг хөнгөн байдаг бөгөөд энэ нь капучинотой төгс зохицдог. Гэвч өдрийн болон оройн хүнд хоолтой хамт уухад дэндүү хүндэднэ. Тийм ч учраас таныг үдийн эсвэл оройн хоолон дээр капучино захиалах үед тэд гайхаж хардаг. Харин тэд өдрийн хоолноосоо хойш кофе уухдаа зөвхөн эспрессо (espresso) эсвэл макиато (macchiato) сонгодог. 

2. Хоолны дарааллыг бүү алдагдуул

  • Хоолны өмнөх зууш|Антипасто(antipasto)

  • Паста буюу гол нэрийн нэгдүгээр хоол|Примо(primo)

  • Мах эсвэл далайн гаралтай хоёрдугаар хоол болон улирлын чанартай ногооны хачир|Секундо э конторни(secondo e contorni)

  • Амттан|Дольче(dolce)

  • Кофе болон хоолны шингэцийг дэмжих хатуу ундаа|Каффе э амаро(caffè e amaro) 

Энэхүү дараалал нь хоолны амтыг хамгийн хөнгөнөөс нь эхлээд хамгийн баялаг амт руу шилжүүлдэг. Та зарим хоолыг алгасаж болох ч дарааллыг нь өөрчилж болохгүй. Хачир(contorni) нь тусдаа тавганд ирдэг.

"Бүх хоолыг нэг дор аваад ир" гэж гуйх нь италичуудын хувьд маш хачин жигтэй хүсэлт. 

3. Далайн гаралтай бүтээгдэхүүнийг мах, бяслагтай бүү холь

Италид далайн хоол болон бяслаг, махыг хоолны хоёр өөр соёл гэж үздэг. Тэд тусдаа хөгжсөн бөгөөд орцуудыг нь салгаж хэрэглэдэг зуршил нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн. Тэдний өвөрмөц амт чанар нь хоорондоо зөрчилддөг гэж үздэг тул далайн хоолыг хурц амттай, удаан дарсан бяслагтай бараг хослуулдаггүй.

4. Орц найрлагыг солих гэж бүү шаард

Уламжлалт жороор ямар орцууд хоорондоо зохицох эсвэл зохицохгүйг аль хэдийн нарийн тогтоочихсон байдаг. Та итали рестораны ажилтнаас хоолны орцыг өөр орцоор сольж хийж өгөхийг хэзээ ч гуйж болохгүй. Энэ нь тухайн хоолны мөн чанарыг алдагдуулж, ахлах тогоочийн ур чадвар, мэдрэмжийг доромжилж буй хэрэг мэт харагддаг.

5. Бүс нутгийнх нь хоолны хүрээнээс бүү халь

Италийн хоолны соёл маш хүчтэй бүсчилсэн шинжтэй. Тэд өөрийн нутгийн уламжлалт хоол, хүнсний бүтээгдэхүүнийг яг л эрдэнэ мэт нандигнадаг. Италийн аль нэг хотоор аялж байхдаа тухайн газрын алдартай нутгийн хоолыг амсаж үзэхгүй өнгөрнө гэдэг хамгийн том алдаа. 

6. Бүү яар

Италид ресторанд хооллох нь нийгмийн харилцааны чухал зан үйл. Олон төрлийн хоол дараалж ирдэг урт бөгөөд тайван байдлаар үдийн эсвэл оройн хоол хэдэн цаг үргэлжилж болно. Хэрэв та италичууд шиг оройн 21:00 цагаас хойш оройн хоолонд орвол шөнө дундын үед л хооллож дуусна гэдэгтээ бэлтгэлтэй байгаарай.

7. Амарог бүү алгас

Амаро гэдэг нь шууд утгаараа "гашуун" гэсэн үг юм. Үүнийг ихэвчлэн цитрусын хальс, хушганы хальс эсвэл эмийн ургамлаар хийдэг. Амаро нь анх ууж байгаа хүнд хачин амттай санагдаж болох ч хүнд хоол идсэний дараа ходоодыг амрааж хэвийн байдалд оруулахад үүнээс илүү сайн зүйл үгүй.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe