Гар утас, хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө болилоо

Г.Энэбиш
2026-08-28

Иргэн гар утасны болон хэрэглээний төлбөрөө хэдхэн хоногоор хоцроосон шалтгаанаар зээлийн оноо нь буурч, цаашид зээл авахад хүндрэл учирдаг асуудлыг цэгцлэх ажил эхэлжээ. УИХ-ын дарга С.Бямбацогтоос энэ асуудлыг судалж, иргэдийг хохироохгүй байх, зээлийн мэдээлэл солилцооны хурдыг сайжруулах чиглэл өгсөн. Учир нь бага хэмжээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгаанаар иргэний зээлийн түүх, оноонд сөргөөр нөлөөлж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан юм.

Тэгвэл уг чиглэл өгснөөс хойш нэг сарын хугацаанд Монголбанкнаас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний үр дүн гарч байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Тухайлбал, зээлийн мэдээлэл нийлүүлэгч ББСБ-ууд мэдээллээ гурван хоногийн дотор шинэчилдэг болжээ. Ингэснээр зээлээ төлж барагдуулсан ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй удаж, иргэний зээлийн оноонд сөргөөр нөлөөлдөг асуудлыг цэгцэлж байна. Уг ажлыг 8 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн гар утасны болон хэрэглээний төлбөрийн мэдээллийг зээлийн оноонд нөлөөлөхөөргүй болгожээ. Өөрөөр хэлбэл, зээлжих чадварын оноог тооцоход зээлийн төлөлт болон зээлийн түүх голлон хамаарах бөгөөд бага хэмжээний хэрэглээний төлбөрийн хоцрогдлоос шалтгаалан иргэн хохирох нөхцөлийг арилгаж байна.

Монголбанкнаас яаралтай хэрэгжүүлж буй арга хэмжээ:

  • Мэдээлэл шинэчлэгдсэн даруйд зээлжих чадварын оноонд шуурхай тусгах техникийн боломжийг бүрдүүлэх;
  • Мэдээлэл нийлүүлэлтийн хугацаанд хяналт тавьж, зөрүүтэй мэдээллийг залруулах;
  • Бага дүнтэй, хаагдсан зээлийг шатлалтай бүртгэх зохицуулалтыг судлах;
  • Алдаатай мэдээллийг залруулах хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлтийн явцыг хянах техникийн боломжийг бүрдүүлэх.

Дунд хугацаанд хэрэгжүүлж буй арга хэмжээ:

  • Зээл олгохоос татгалзсан үндэслэлийг иргэнд тайлбарлах нийтлэг шаардлага тогтоох;
  • Зээлийн онооны системийн үр нөлөөг улирал тутам олон нийтэд мэдээлэх;
  • Хууль, журмын өөрчлөлтийн саналыг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар бэлтгэх.

Гол өөрчлөлт нь: Гар утас, цахилгаан, ус дулааны хэрэглээний төлбөрийн хэдхэн хоногийн хоцрогдол иргэнийг “муу зээлдэгч” мэт харагдуулах эрсдэлийг арилгаж, зээлийн оноог тухайн иргэний бодит зээлийн сахилга бат, зээлийн түүхтэй илүү шууд холбох чиглэлд шилжиж байгаа явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe