О.Анужин
Ердөө зургаан сарын дотор Монголын улс төрд томоохон өөрчлөлт томоохон өөрчлөлтүүд гарч, хиймэл оюун ухаан замын хөдөлгөөнд нэвтэрч, иргэдийн амьдралд үнийн өсөлт, түгжрэл, бензин зэрэг асуудал нүүрлэсэн бол технологийн шинэчлэл, спорт, соёлын амжилт зэрэг баярлуулах мэдээ ч цөөнгүй байлаа.
Ингээд 2026 оны эхний хагасыг сар сараар нь эргэн санацгаая.
Шинэ он гармагц жолооч нарт ирсэн нь хамгийн том бэлэг нь хиймэл оюуны(AI) камер байлаа. Улаанбаатар хотын 176 уулзварт суурилуулсан 1606 уг камер 10 төрлийн зөрчлийг илрүүлэн торгууль ногдуулах нь энэ бэлгийн гол онцлог. Гэвч “Би замын хөдөлгөөний зөрчил гаргаагүй байх үед торгууль ирсэн” хэмээн олон жолооч нар бухимдаж байсан юм.
Нөгөө талд Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор 300 хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, төрийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 онд нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн. Гэхдээ иргэдийн өдөр тутмын амьдралд бодит мэдрэгддэг асуудал үнийн өсөлт байлаа.
2026 оны төсөвт эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь, инфляцыг 7 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон ч жилийн эхний хагаст үнийн өсөлтийг тогтоон барих асуудал төрийн бодлогын гол сэдвүүдийн нэг хэвээр байв.
Хоёрдугаар сард монголчууд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилээ угтлаа. Цагаан сарын баярт зориулсан 256 бөх зодоглож, тэдний дунд улсын цолтой 66 бөх барилдсан.
Олны анхаарлыг хамгийн их татсан нь 27 жилийн дараа хоёр дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь нар хоёр жигүүрийг магнайлан зодоглосон нь байв.
Эцэст нь улсын заан М.Лхагвагэрэл найм даван түрүүлж, сар шинийн барилдаанд Завхан аймгаас анх удаа түрүү бөх төрсөн түүхэн амжилт болон үлджээ.
Гэхдээ хоёрдугаар сар зөвхөн баяр ёслол сайхан өнгөрсөнгүй. Цагаан сарын баярын өдрүүдэд автомашины хөдөлгөөн нэмэгдсэнээр замын ачаалал өсөж, хүйтний эрчтэй холбоотойгоор агаарын бохирдол ч нэмэгдсэн.
Иргэд баярын үеэр айл хэсэж, золгохын хажуугаар утаа, түгжрэлтэйгээ ч бас золгоод амжжээ.
Жилийн эхний хагасын хамгийн том улс төрийн өөрчлөлт гуравдугаар сард гарсан.
Улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж, Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсны дараа УИХ Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсон. Тэр 107 гишүүнээс 88-ынх нь дэмжлэгийг авч, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд очсон байна.
Ингэснээр ердөө есөн сарын хугацаанд Монгол Улс гурав дахь Ерөнхий сайдаа томилсон нь улс төрийн тогтворгүй байдлыг дахин тодоор харуулсан.
Томчууд нь төрийн эрх мэдлийн төлөөх улс төрийн өөрчлөлтийг анхаарч байх зуур өсвөр насныхны дунд гарсан өөр нэг үйл явдал нийгмийн анхаарлыг татав.
Шангри-Ла худалдааны төвд хэсэг хүүхэд нэгнээ бүлэглэн дээрэлхэж, зодсон бичлэг гуравдугаар сард цахим орчинд тарсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм.
Хэдийгээр хэдхэн сарын дараа энэ үйл явдал олон хүний ой санамжаас бүдгэрсэн ч хүүхдүүдийн дунд дээрэлхэлт хэр хэмжээнд хүрснийг сануулсан хэрэг байлаа.
Үүний хажуугаар Монголын түүх, соёл, урлаг, спорт дэлхийн тавцанд гарсаар байлаа.
Гуравдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод Олон улсын Олимпын хорооноос хүлээн зөвшөөрсөн "World Boxing" бүтцийн ивээл дор тивийн хэмжээний хамгийн эхний Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн юм. Үүнд 25 гаруй орны 230 гаруй боксчин өрсөлдсөн бөгөөд 20 гаруй олимпын тамирчин, дэлхийн аваргууд Монголын дэвжээнд гарсан байна.
Гуравдугаар сарын улс төрийн хямрал намжаагүй ч дөрөвдүгээр сард шинэ Засгийн газар ажилдаа орж, төрийн байгууллагын ажлын хэв маяг хүртэл өөрчлөгдөв.
Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн төр, захиргааны байгууллагууд долоо хоногт дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллах горимд шилжихээр болсон нь төрийн албан хаагчдын ажлын хэв маягийг өөрчлөх оролдлого байлаа.
Гэхдээ энэ сард монголчуудын анхаарлыг төрийн байгууллагын ажлын цаг биш, The MongolZ дахин татав. Тус баг Румынд болсон 1.2 сая ам.долларын шагналын сантай "PGL Bucharest 2026" тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 150 мянган ам.долларын шагнал хүртсэн. Шөвгийн наймд "PARIVISION" багийг 2:1-ээр хожсон ч хагас шигшээд "FUT Esports" багт 0:2-оор ялагдсан байна.
Харин эдийн засгийн хувьд дөрөвдүгээр сар амар байсангүй. Улсын инфляц 10.1 хувьд хүрсэн нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болж, хүнсний үнэ хамгийн их нөлөөлсөн байна.
Тухайн сард хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар, Улаанбаатар хотод бүр 20.9 хувиар өсжээ.
Тавдугаар сард Улаанбаатарын гудамж талбайд хүмүүсийг нэг дор цуглуулсан “Улаанбаатар марафон-2026” болж, энэ жил 46 мянга гаруй хүн оролцов. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, нийслэлийн хамгийн олон хүн оролцдог спортын арга хэмжээний нэг болж байна.
Харин тавдугаар сарын хамгийн амьдралд ойр мэдээний нэг нь махны үнэ байлаа.
Нөөцийн хонины махыг килограммыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхлэхэд иргэд худалдааны цэгүүдийн өмнө дугаарлаж, зарим газар мах авах хүмүүсийн дараалал үүсэв.
Тэр үед Улаанбаатарын зах, худалдааны төвүүдэд хонины махны дундаж үнэ 26 мянга, үхрийн ястай мах 30 мянга, цул мах 35 мянган төгрөгөөс давсан байлаа.
Нэг ёсондоо, марафонд 46 мянган хүн гүйж байхад махны худалдаан дээр түүнээс цөөнгүй хүн дараалалд зогсож байв.
Хэрэв энэ жилийн эхний хагасын нэг сарыг “спортын сар” гэж нэрлэх шаардлагатай бол зургадугаар сар хамгийн ойрхон очно. Зургаадугаар сарын 23-28-нд Улаанбаатар хотод "Sukhbaatar Challenger", "Women’s Series", "World Tour" гэсэн гурван томоохон олон улсын тэмцээн дараалан болж, дэлхийн шилдэг 3х3 тоглогчид нийслэлийн төв талбайд цуглав.
Тэр дундаа Улаанбаатар Амазонс эх орныхоо талбайд FIBA 3x3 Women’s Series-ийн аварга болж, Германы багийг финалд 19:18-аар хожсон нь сарын хамгийн гоё спортын мэдээнүүдийн нэг байлаа.
Харин эрэгтэйчүүдийн “Sukhbaatar Challenger”-т Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг түрүүлж, 11 орны 16 багтай өрсөлдсөн тэмцээний аваргаар тодров.
Зургадугаар сард Сүхбаатарын талбайд улс төрийн илтгэлээс илүү 3х3-ийн бөмбөг ойж, Монголын төв талбай дэлхийн сагсан бөмбөгийн тайз болсон гэхэд хилстэхгүй.
Харин сайхан мэдээний хажуугаар эрүүл мэндийн салбарт анхаарал татсан асуудал үргэлжилсэн.
Улаанбурханы халдварын тохиолдол дахин нэмэгдэж, 24-ний байдлаар нэг хоногт найман шинэ тохиолдол бүртгэгдэн, 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.
Өмнөх жилээс эхэлсэн дэгдэлтийн нөлөө бүрэн арилаагүй байхад зуны эхэнд улаанбурхан дахин эхэлсэн нь эрүүл мэндийн салбарын анхаарлыг татсан асуудал боллоо.
Эргээд харахад 2026 оны эхний хагас Монголын хувьд олон үйл явдал давхарласан зургаан сар байлаа. Утаа, түгжрэл, замын халтиргаа зэрэг бидний өдөр бүр тулгардаг асуудал хүртэл нэг мэдэхэд “амьдралын л нэг хэсэг” болсон мэт эвлэрчихсэн байв.
Гэхдээ энэ бүхний хажуугаар Монголын нэрийг дэлхийд өндөрт гаргахын төлөө хөдөлмөрлөсөн тамирчид, уран бүтээлчид, залуус зорьсондоо хүрсэн олон сайхан мэдээ ч байлаа. Монголын уран бүтээлчид болон тамирчид дэлхийн өмнө өөрсдийн нэр, улсынхаа нэрийг авч гарахын төлөө өрсөлдсөөр байв.
Харин нийгмийн өөр нэг дүр зураг дээрх хугацааг тодорхойлно.
Цахим орчинд нэг хэрэг гарч, хэсэг хугацаанд шуугиан тарьж, хүмүүс бухимдаж, шаардлага тавьсаар байгаад хэдхэн сарын дараа дараагийн дуулианаар солигдон мартагдана. Хүний амь нас хохирсон хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дээрэлхэлт зэрэг ноцтой асуудал хэдхэн хоногийн турш олны анхаарлыг татчихаад удалгүй цахим орчны дараагийн сэдэвт дарагддаг.
Магадгүй хамгийн анхаарал татах зүйл нь энэ.
Бид нэг жил өнгөрөх бүрд “энэ жил ч бас л ийм байлаа” гэж ярьдаг ч дараагийн жилдээ яг ижил асуудлуудтайгаа дахин уулздаг.
Улс төрийн маргаан, үнийн өсөлт, утаа, түгжрэл, хүчирхийлэл, дээрэлхэлтээ хэсэг ярьж, хэсэг бухимдаж, дараа нь мартана. Харин өөрчлөгдөх ёстой зүйлс хэвээр үлдэнэ.
Тэгээд л 2027 он гарахад бид дахиад “энэ жил юу болов?” гэж асуух байх. Хамгийн сонирхолтой нь тэр үед бидний өнөөдөр ярьж байгаа асуудлуудын хэд нь үнэхээр өөрчлөгдсөн байх бол?
Сэтгэгдэл үлдээх