Балбад сураггүй болсон 2500 гаруй иргэдийн дунд 200 хүүхэд байна

.Graph
2026-08-31

Балбын үер болсноос хойш сураггүй болсон иргэдийг аврах ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Албаныхны хамгийн сүүлийн мэдээллээр, нас барагсдын тоо 800 давж, 2500 гаруй иргэнийг хайсаар байна. Үерийн осол Балба-Төвөдийн хилийн зааг дээр болсон тул Төвдөд мөн 16 хүн нас барж, 500 гаруй хүн одоо ч олдоогүй байгаа талаар Хятадын төрийн хэвлэл мэдээллээ. 

Сураггүй болсон иргэдийн дунд олон тооны гадаадын аялагчид багтаж байна. 

  • Энэтхэгийн 300 гаруй иргэн
  • Хятадын 100 гаруй иргэн
  • АНУ-ын 90 гаруй иргэн
  • Украины 62 иргэн
  • Малайзын 51 иргэн
  • Австралийн 41 иргэн
  • Английн 33 иргэн, Төвдөд 13 иргэн
  • Канадын 30 иргэн сураггүй болоод байна. 

Мөн дээрх сураггүй болсон иргэдийн дийлэнх нь Балбын Нувакот болон Расува дүүргүүдийг дамнан урсах Тришули гол дээр байрладаг усан цахилгаан станцын ажилчид байжээ. Одоогоор эдгээр иргэдийг эрэн хайх ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа юм байна. Гэсэн ч тус улсад өчигдөр хүчтэй бороо орсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа аж. 

Боловсролын яамны мэдээллээр, үерт хамгийн их өртсөн гурван дүүргийн 19 сургууль их хэмжээний хохирол амсжээ. Албаныхны өгсөн хамгийн сүүлийн мэдээллээр, 200 сурагч сураггүй болж, 20 сурагч амиа алдсан байна. Мөн найман сургууль нурж, долоон сургууль хэсэгчлэн нуржээ. Эдгээр сургуульд нийт 2425 сурагч сурдаг байжээ. 

Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаагаас гадна олон улсын байгууллага болон бусад улс орнууд дэмжлэг үзүүлсээр байна.

Саяхан АНУ яаралтай тусламжийн хэрэгсэл зэрэгт зориулан 500 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ амласан бол Өмнөд Солонгос улс олон улсын байгууллагуудаар дамжуулан нэг сая ам.доллар өгөхөө амлалаа. Мөн НҮБ, Дэлхий банк болон олон улсын улайн загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагууд тусламжийн гараа сунгасаар байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe