АНУ-ын өр $40 их наяд давж, Холбооны нөөцийн хүү өсөх эрсдэл нэмэгдлээ

Г.Энэбиш
2026-08-31

АНУ-нийт өр 40 их наяд долларыг давлаа 

АНУ-ын нийт өр $40 их наяд давсан нь тус улсын өрийн хэмжээ 2017 оноос хойш ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Өр нь одоогоор АНУ-ын ДНБ-ий ойролцоогоор 120%-тай тэнцэж байна. Хамгийн анхаарал татаж буй зүйл нь зөвхөн өрийн хэмжээ биш, харин хүүгийн зардал гол эрсдэл юм. АНУ жилд 1 их наяд доллараас давсан хэмжээний хүү төлж эхэлжээ. Өрийн хэмжээ өндөр, хүү өндөр байх тусам төсөвт очих дарамт улам нэмэгдэнэ.

Үүний зэрэгцээ АНУ-ын 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин болох 5.34% орчимд хүрсэн байна. Бондын өгөөж өсөх нь Засгийн газар, компани, иргэдийн зээл авах өртөгт нөлөөлдөг.

Нэмэх нь нефтийн үнэ өсөж, инфляц дахин сэргэх эрсдэл нэмэгдэж байна. Fed-ийн тэргүүн Кевин Уорш инфляц 2%-ийн зорилт руу буурахгүй бол хүүг дахин өсгөх шаардлага гарч болзошгүй гэж мэдэгдсэнээр зах зээл есдүгээр сарын хүүгийн өсөлтийн магадлалыг 57% хүртэл нэмэгдүүлжээ.

Монгол улсаас шинээр бонд гаргах бол хүүгийн өртөг нэмэгдэнэ

Монгол Улсын болон хувийн хэвшлийн бондын ирээдүйн хүүгийн зардлыг өсгөх эрсдэлтэй. Гэхдээ аль хэдийн тогтмол хүүтэй гаргасан бондын хүү шууд өсөхгүй. Гол эрсдэл нь хугацаа нь дууссан бондыг дахин санхүүжүүлэх үед гарна.   Монгол Улс 2026–2027 онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг урьдчилан дахин санхүүжүүлсэн нь энэ эрсдэлийг бууруулсан сайн талтай. Гэхдээ ирээдүйд гаргах бондын хүү өндөр тогтоно гэсэн үг.

2026 оны төсөвт Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрт ₮1.299 их наяд тооцсон. Хэрвээ гадаад бондын дахин санхүүжилтийн хүү 2 хувиар өслөө гэж тооцвол жилд 130 тэрбумын нэмэлт төлбөр гарахаар байна. Энэ нь манай улсад санхүү төсвийн хувьд том хэмжээний дарамт болох юм. Үүн дээр нэмэх нь төгрөгийн худалдан авах чадвар давхар буурвал бүр таагүй өрийн дарамт манай улсыг хүлээж байна.

 2026–2030 онд Монгол Улс ойролцоогоор $4.44 тэрбумын гадаад өрийн үндсэн төлбөр хийх шаардлагатай. 

  • Үүнээс $1.98 тэрбум нь гадаад бондын төлөлт
  • 2026 оны $174 саяын бондын төлөлтийг шинэ $500 саяын 5.95%-ийн бондоор тодорхой хэмжээгээр шийдсэн тул санаа амар байж болно.
  • Харин  2027–2030 оны $1.805 тэрбумын бондын дахин санхүүжилт хамгийн том эрсдэл болж байна.

2027 онд зөвхөн Засгийн газрын гадаад бондын төлөлт $413 сая боловч Улаанбаатар хотын $500 саяын 7.75%-ийн, Засгийн газар баталсан бонд мөн төлөгдөнө.

2027 онд Нийслэлийн, хөгжлийн банкны, centery I бондуудыг төлнө 

Эндээс хамгийн сонирхолтой нь 2027 он. Монгол Улс 3.5%-ийн маш хямд Century I бондын $500 саяыг төлөх ёстой. Мөн 2027 оны 8-р сард Улаанбаатар хотын бонд болох $500 саяын бондыг төлөх хуваарьтай. Мөн Хөгжлийн банк 2026 онд өрийн дахин санхүүжилт хийсэн. Банкны өөрийн мэдээллээр одоо 2027 онд $50 саяын дотоод бонд, 2028 онд ойролцоогоор $150 саяын олон улсын бондын төлөлт хүлээгдэж байна. Нийтдээ 2027 онд 1.05 тэрбум долларын бонд та биднийг хүлээж байна. Энэ бол монгол төгрөгөөр 3,8 их наядын өр төлбөр гэсэн үг. Хэрвээ дахин санхүүжүүлнэ гэж тооцвол илүү өндөр хүүтэй орчинд бид орох нь.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe