"Арга билиг" ажиллагаа

Б.Энхтулга
2026-08-31

Монголчууд бидний айхтар цэмцгэр харагдах 14 хоногийн челленж ашгүй нэг юм дуусаж “Арга билиг” болж ажилласан хоёр сайд маань хаалтын үгээ хэлэв. 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах амбицтай “КОП-17” хурал нь 1.4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын урьдчилсан санамж бичиг, хэлэлцээр хийснээр дууслаа. Бурхан тэнгэр минь гэж. Хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй энэ мөнгөний төлөө нийслэлчүүд 14 хоног замаа хаалгаж, тэгш, сондгойд шилжиж, төр, засаг нь 300 гаруй тэрбум төгрөг гаргачихсан, түрээсийн скүүтерийн компаниуд төрийн шийдвэрээр хаалгаа цоожилчхоод байгаа. Яг хичээлийн хэрэгслийн борлуулалт огцом өсдөг үед худалдаа эрхлэгчид замаа хаалгасан учраас төмөр тэргэн дээр бараагаа ачин “шил авна” гэж орилоод гудамжаар явдаг байсан үе шиг “хичээлийн хэрэгсэл аваарай” хэмээн гудамд гарч суув. “КОП-17” хуралд ирсэн зочдыг таатай зорчуулах гэж, манай нийслэл ийм сайхан түгжрэлгүй, эмх цэгцтэй гэж жүжиглэх гэж бизнес эрхлэгчид болон иргэдээ аргагүй байдалд түлхсэн нь энэ байлаа.

Эрх баригчдын буруу менежмент иргэдийн амьдрал яаж нөлөөлдөг вэ гэдгийг бид энэ жишээнээс харж болно. Санаж байгаа нэг нь бол “АСЕМ” гэх олон улсын хурлаас монгол яаж үлдсэн бэ гэдгийг мэднэ. Хотхон хүртэл барьж зочид хүлээн авчхаад дараа нь хэдэн танилдаа тарааж байсан гэдгийг, төрийн хөрөнгөөр олон тооны жийп авч бүгдийг нь тонож зарсан гэдгийг.

Ядуу сэтгэлгээ гялгар байдлыг эрхэмлэдэг...

Орлого нь өр зээлд, өдрийн хоолондоо явчихдаг байж Iphone утсыг шинэ сериал гарах болгонд нь зээлээр авч сольдог, нутгийн ойдоо ланд автомашин түрээсээр унаж очдог, үнэтэй ресторанд өр, зээл тавьж хооллодог нэг тийм гялгар харагдах гэж хичээдэг хүмүүс монголд цөөнгүй. Тэр хүмүүсийн сошиал дахь амьдрал үнэхээр атаархмаар байдаг ч үнэндээ өр, зээлдээ баригдчихсан өнөө, маргаашдаа стресстэж өнөөдрийн өөхөндөө маргаашийн уушгиа өгдөг ядуу сэтгэлгээтэй хүмүүс. Үүнтэй яг ижилхэн манай дарга нарын гялгар байдлыг шүтдэг ядуу сэтгэлгээ хоёр үе солигдсон ч арилж амждаггүй ээ. Хотоо түгжиж байгаад хурал хийнэ гэж сэтгэсэн хэвээр байгаа нь үүнийг нотолно. Гоё харагдаж, ирсэн зочид нь саадгүй зорчиж байвал өдрөөс өдөрт муудаж байгаа иргэдийнх нь аж ахуй, амьдралын хэмнэл 44-р асуудал.

Мань сайд, дарга нар хурлын үеэрх зохицуулалт хийж байна гэж яриад байгаа юм. Зохицуулалт гэдэг үгээ тэд тэгээд хаах, хориглох, зогсоох гэж ойлгоод байх шиг. Зохицуулалт гэдэг үг нь өөрөө харин ч хаагаад, хориглоод, зогсоогоод байгаа шийдвэрийг аль аль талдаа нааштайгаар эргүүлэх гэсэн утгатай шүү дээ. Түгжрэлээс сэргийлж Нарантуул, Дүнжингарав гэсэн худалдааны төвүүдийн авто зогсоолыг хааж худалдаа эрхлэгчдийн хамаг орлогогүй болов. Нийслэлд шинээр орж ирсэн “Yutong”-ийн автобуснаас 100 ширхгийг нь “КОП-17” хуралд дайчилж иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн тоо багасав. Автомашинаа хязгаарлуулсан иргэд автобусанд суух гэхээр автобус нь хүрэлцэхгүй, ирэхгүй нөхцөл байдалтай тулгарав. Түрээсийн скүүтерийг аваар, осол гэсэн сэдвээр гарчиглаж “КОП-17” хурлын үзэмжид анхаарч хориглосон шийдвэрээ эргэж харахгүй гүрийв. Ингээд нийслэлчүүд бид ядуу сэтгэлгээтэй гялгар хэдэн дарга, сайд нарынхаа зохицуулалт дор зовж тэд маань харин том тоо ярин дэлхийг цөлжилтөөс аврахаар болсон юм байх өө.

Хавчих тусам тэлдэг...

Ямар ч зүйлийг хавчих тусам тэлдэг. Жишээлбэл хатуу теннисийн бөмбөгийг хүнд зүйлээр хавчихад бяцарч бөөрөнхий хэлбэрээ алдаад дугуй хэлбэрт орон тэлнэ. Үүнтэй ижил иргэдээ төр засаг нь хавчих тусам бухимдал хурж уур болон хувирч тэсэрдэг. Энэ тэсрэлт ойрхон иржээ. Иргэд ч нэг үеэ бодвол хамаагүй хэрсүү болсон байна. Дарлуулж суугаад дасдаг байхаа больж, буруу шийдвэрийн төлөө дуугарч, буруу зүйлийн төлөө тэмцдэг болж. Тийм учраас төрийн том дарга нарт гэж хэлэхэд энэ бол хүлцэнгүй байдал биш. Их шуурганы өмнөх нам гүм байдал байж мэднэ шүү. Худалдаа эрхлэгчид ч гэсэн эхнээсээ өнгөрсөн цаг хугацаанд алдсан орлогоо төрөөс нэхэмжлэх тухай нэгнийгээ уриалаад эхэлж. Болохгүй гэх зүйлгүй. Буруу шийдвэр бусдын амьдралд нөлөөлсөн бол заргалдах эрхтэй. 

  • Буруу шийдвэр гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад гомдол гаргах.
  • Шүүхэд хандах: Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах.
  • Хохирол тогтоолгох: Буруу шийдвэрээс болж яг ямар хэмжээний санхүүгийн хохирол (бодит хохирол, олох ёстой байсан орлого) үүссэнийг баримтаар нотлох.
  • Нөхөн төлбөр шаардах: Шүүхийн шийдвэрээр төрийн шийдвэр хууль бус байсныг тогтоолгож, хохирлыг Төрийн сангаас гаргуулах.

Аль аль талдаа ярилцаж, тохироод арай дөнгүүр зохицуулалт хийж болох л байсан. Ард түмэнтэйгээ “Арга билиг” шиг ажиллаж чадсангүй дээ дарга нар минь.  Иргэд нь орлогоороо хохирч, төр нь 300 гаруй тэрбум төгрөг зарлагадчихаад юу ч үгүй хоцорсон гэж хожим нь дурсагдах вий. 

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe