"Сцена"

Б.Энхтулга
2026-09-01

Ээлжит бус чуулган хуралдуул, хуралдуулъя гэж эрх баригчид ч тэр сөрөг хүчин ч тэр улс төржиж байтал угаас намрын чуулганы товлогдсон хугацаа хоёр долоо хоногийн дараа болох нь. Улс орны нөхцөл байдал хүндхэн, төсөв нь хоёр их наяд давсан алдагдалтай явж байгаа үед УИХ-аа ээлжит бусаар хуралдуулж төсвийн тодотголоо оруулж ир гэж Ардчилсан нам аль наадмын дараагаас л чанга дуугарч эхэлсэн. Нөгөө талд харин Н.Учралын Засгийн газар төсвийн тодотголоо боогоод сууж байлгүй яах вэ. Удалгүй 1.4 их наяд төгрөгийг сайд нарын зардлаас танасан тодотголоо атгаад анхны хичээлдээ алтан тав авч гавьяа байгуулчхаад гэрийнхээ хаалгыг цөм өшиглөн орж байгаа нэгдүгээр ангийн хүүхэд шиг л олны өмнө гарч ирэв. Үгүй мөн сүртэй гарчигтай. Ерөнхий сайдын 9 шийдэл шүү дээ. Базарваань. Намын мөрийн хөтөлбөр юм уу хаашаа юм. Гэхдээ энэ бичвэрт Ерөнхий сайдын оруулж ирсэн төсвийн тодотгол, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан 43.6 их наядын төсвийн зарлагын үр ашгийг тоочиж дурдахгүй. УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах тухай ярианы цаана ямар улс төржилт явах гэж байгаа тухай өөрийн өнцгөөс товчхон таамаг хийх гэж байгаа юм. Ардчилсан намд ард түмний амьдрал хамааралтай болчхоод өнөө, маргаашгүй УИХ-аа хуралдуул гээд байгаа юм биш. Ардын намд ч тэр ард түмэн зүдэрсэн харагдаад төсөв тодотгоод өргөн бариад байгаа юм биш ээ гэж. Сонгууль ойртож байна хэн хэнд нь улс төржих сэдэв ус агаар мэт хэрэгтэй гэж би хувьдаа хардав.

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах О.Цогтгэрэлийн шахалт...

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл дарга болсон цагаасаа хойш юм л бол бөмбөгөө аваад орлоо гэдэг хойд айлын уйланхай хүүхэд шиг жижиг, том гэлтгүй улс төр дээр Засгийн газрыг огцруулна гэхээс өөр ярьдаг зүйл байдаггүй байв. Саяхнаас л нэг “Өөрчилье” гэх уриатай үндэсний хөдөлгөөн хийж овоо доо энэ маань хэмээн олны нүдэнд харагдаж эхэлсэн. Мань хүн ч яах вэ нөгөө өөрийгөө засаад төрөө зас гэдэг шиг өөрийнхөө гадаад байдлыг засаж аваад ардын амьдралтайгаа хутгалдаад яваа нь энэ. Түүний энэ аян эрх баригч намын эсрэг хийж байгаа улс төрийн том акц. Яг тэдэнтэй тэмцэхгүй ч ядуу амьдарч байгаа иргэдийг нь тайзан дээр гол дүр болгож гаргаад ард түмэн чинь ийм байна хэмээн эрх баригч намын дарга Н.Учрал дүүгээ шоолж улс төр хийж яваа нэг хэлбэр. Хотоор тойрч, хүнсний зах хэсэж байгаа дүр зураг дараагийн хийх улс төрийнх нь дэвсгэр төдий л юм. Дэвсгэр дээрээ гарч суугаад үзүүлэх дараагийн “сцена” (үзэгдэл) бол ээлжит бус чуулганы индэр дээрээс хийх чичлэлт. Хүн ичмээр төсвийн тодотгол барьж орж ирсэн Засгийн газрын тэргүүнээ сайд нартай нь эгнүүлж суулгаж байгаад чичлэх. Улс төр хийж олонд оноо авах энэ үелзэл сөрөг хүчинд жилд ганцхан удаа тохиодог. Төсөв батлуулахаар Засгийн газар бүрэлдэхүүнээрээ төсвөө барьж орж ирэх үед. УИХ-ын ээлжит чуулган зарлагдах юм бол тэдэнд нэг жилд том улс төр хийх хоёр боломж олдоно гэсэн үг. Тэгэхлээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж жилд нэг хийдэг байсан улс төрөө хоёр хийх санаа агуулж байж магадгүй. МАН Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдээд төсвөө тэлж, зардлаа өсгөөд байх нь мөнгөн дээр суугаагүй сөрөг хүчинд яав ч сайн л зүйл биш юм чинь. Тэдэнд ч гэсэн мөнгө хэрэгтэй шүү дээ.

Н.Учрал хоёр удаа зодуулахыг хүсэхгүй...

Дээр дурдсандаа төсвийн тодотгол гэж хүүхэд нохойн доог болохоор юм оруулж ирсэн Н.Учрал өчигдөр 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлээ УИХ-ын даргад өргөн барьсан. Төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх оны төсвийн зарлага 43.6 их наяд байхаар тусгаж хүүхэд нохойн доог болсон дээрээ нэмээд хүн болгонд чичлүүлж байгаа. Ардчилсан намын шахалт биш юм аа гэхэд улсын төсвийн алдагдал 2 их наяд төгрөг гарчихсан энэ үед төсвөө тодотгож алдаагаа залруулаад ирэх оны төсвөө хэлэлцүүлье гэж бодоод УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулъя гэж бодъё. Араагаа хүртэл зэвсэглэчихсэн Ардчилсан намынхан эвий эвий дуулгавартай шүү гээд тэдний толгойг илээд гаргахгүй. Айхтар төлөвлөчихсөн улс төрөө хийж олны өмнө parliamentMN гэсэн фейсбүүк хуудсаар болон түүнээс салаалах сайт, телевизүүдийн шууд дамжуулалтаар дүүжлэх болно. Савлагаатай байгаа Н.Учралын Засгийн газрын нэр хүнд шагайнаас дээш гарч ирэхгүй. За тэгээд араас нь нэг их удалгүй 2027 оны нөгөө айхтар 43.6 их наядын зарлагатай төсөв нь орж ирнэ. Гал атгаж галзуурахад ганц хуруу дутуу яваа Н.Учрал битгий хэл үүнийг бичиж суугаа миний хүйтэн хөлс урсаж байна. Н.Учралын толгойд ийм бодол эргэлдэж байгаа байх. Төсвийн тодотгол, төсөв хоёроо тусад нь УИХ-аар оруулж хоёр удаа зодуулж, хоёр удаа найр тавьж байхаар хамтад нь барьж ороод нэг том үзэлцээд гарья гэж. Тийм учраас МАН-ын УИХ-ын дарга С.Бямбацогттой даргын зөвлөлөө хуралдуулсан дүр эсгээд ээлжит бус чуулганыг зарлуулахгүй чуулганыг товлосон хугацаанд нь эхлүүлэх талаар ярилцах байх. Ээлжит бусаар хурал зарласан ч төсвийн тодотгол, 2027 оны төсөв хоёроо зэрэгцүүлээд шахуу хэлэлцээд явах биз.

Төсвийн тухай хуульд заавал тусад хэлэлцэнэ гэж хориглосон заалт байхгүй.

Төсвийг нэгхэн өдөр хэлэлцэхгүй ч тусад нь оруулж хоёр сэдэв болгон хугацаа, нэр хүнд аль алийг нь алдаж байхаар хамтад нь оруулаад нэг сэдэв болгож хэрүүл, тэмцэл, улс төр юу байдаг юм бүгдийг нь хийгээд явбал Ерөнхий сайдад өөрт нь арай жин багатай тусах болов уу. Эсвэл ээлжит бусаа зарлаад хоёр нам хоорондоо тохироогоо хийчих юм бол төсөв батлах эцсийн хугацаа 11-р сарын 15-аас өмнө ч батлаад дуусгачхаж болох юм. Ядаж байхад яр гэгчээр Л.Оюун-Эрдэнэ улс төрийн акцынхаа хоёрдугаар ангийг эхлүүлэх гээд цаг мөч тоолон суугаа. За тэгээд юу ч болдогсон бай улс төрийн өрнөл бүгд цаанаа тохируулгатай "сцена" байдаг л хойно доо.

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe