Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан заавал мэдэх ёстой 15 зүйл

.Graph
2026-09-01

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Хүүхдийг боловсролтой болгоно гэдэг нь дан ганц хүүхэд эсвэл багш хичээх тухай асуудал бус. Харин “Багш-Хүүхэд-Эцэг эх, асран хамгаалагч” гэсэн гурван чухал тулгуурын багийн ажиллагаа билээ. Цаашлаад хүүхдийн боловсрол, хүмүүжилд хүүхэдтэй ч бай, хүүхэдгүй ч бай, дүүтэй ч бай, дүүгүй ч хүн бүр тодорхой хэмжээнд нөлөөтэй байдаг шүү гэдгийг эргэн санаад хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан заавал мэдвэл зохих … зүйлийг хэлж өгье. 

1. Шинэ хөтөлбөр, шинэ дэвтэр 

Сургуулийн босгыг анхлан алхаж буй нэгдүгээр ангийнхан хичээл эхлэнгүүт сургалтын үндсэн хөтөлбөрөөр хичээллэхгүй юм байна. Бидний мэдэхээр нэгдүгээр ангийнхан эхний ээлжинд гараа зүгшрүүлэх дадлага хийж байгаад үсгээ холбон үздэг шүү дээ. Тэгвэл нэгдүгээр ангийнхан аравдугаар сарын 1 хүртэл эхний ээлжинд сургуульдаа дасан зохицох нь ээ. Тэд багш гэж юу юм, анги гэж юу юм, сургууль гэж юу юм, сургуулийн дүрэм журам гэж юу юм, ер нь бид энд яах гэж ирсэн юм бэ гэдгээ ойлгоно гэсэн үг. Үүний хүрээнд нэгдүгээр ангийн сурагч бүр “Би сурагч боллоо” гэсэн дэвтэртэй болж, тэр дэвтрийн агуулгаар суралцах юм. 

2. Гэрийн даалгавар багасна

Нэг хичээлийн даалгаврыг 10 минутаас хэтрэхгүйгээр хийж гүйцэтгэхээр тооцоолж даалгавар өгөх юм байна. Цаашдаа бага ангийнханд хичээл бүр дээр биш бүх хичээл дээр хоорондоо уялдаа холбоотой даалгаврыг өгөх талаар судалж байгаа аж. 

Мөн багш нар цахим сүлжээ ашиглан хүүхдэд даалгавар өгөхийг хориглосон. 

3. Сэтгэл зүрхний боловсрол олгоно

Энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлаас нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл зүрхний боловсрол олгоно. Цаашдаа бүх ангид энэ хичээл орох бөгөөд хичээлийн агуулга нь сэтгэл хөдлөл, нийгэмшлийн зэрэг сэдэвтэй байх юм байна. 

4. Ясгүй мах худалдан авч эхлэв

Цэцэрлэг, сургуулиудын хоол хийхдээ ясгүй мах худалдан авч, бэлтгэж байгаа юм байна. Ястай мах авснаар 25-35 хувийн хорогдол гардаг аж. Тиймээс ясгүй мах худалдан авснаар төсөв хэмнэж, хүүхдэд илүү шим тэжээлтэй хоол өгөх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн хоолны мөнгөнд ямар нэг өөрчлөлт гараагүй байна.

5. Урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ

Цэцэрлэг, сургуулийн сурагчдыг аравдугаар сарын 1-ээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Энэ хүрээнд хүүхдийн өсөлт хөгжил, хараа, зүрхний цахилгаан бичлэг, нурууны муруйлт, хавтгай тавхай, аутизмын хүрээний эмгэг, хөгжлийн хоцрогдол, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг үзэх юм байна. 

6. “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллаж эхэлнэ

Тэтгэвэртээ гарсан цагдаа нар есдүгээр сарын 1-ээс нийслэлийн 34 сургуульд хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллана. Тэд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, залилан зэрэг хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах юм байна. 

7. Автобус өвлийн хуваарьт шилжлээ

Есдүгээр сарын 1-ээс автобус өвлийн хуваарьт шилжиж, өглөө 06.20 цагаас оройны 22 цаг хүртэл явах юм байна. 

8. Нийтийн тээврийн автобусанд сурагчид 200 төгрөг төлөөд гурван удаа дамжин суух эрхтэй

Нийтийн тээврийн автобусаар зорчдог сурагчдад зориулсан биет картыг авснаар нийтийн тээврийн автобусаар зорчих хүүхдүүд 200 төгрөг төлөөд гурван удаа дамжин суух эрхтэй байна. Картын үнэ 3,600 төгрөг аж. Сурагчийн картыг QR код бүхий ухаалаг системд холбосноор хүүхдээ хаана, ямар чиглэлийн автобусанд явж буйг мэдэх, хүүхэд эд зүйлээ гээсэн тохиолдолд хамгийн сүүлд ямар чиглэлийн автобусанд картаа дарсныг төвөггүй мэдэж эд зүйлээ олох боломжтой байна. Хүүхдийн картыг Сүхбаатар дүүрэг, Metro Mall худалдааны төвийн замын урд талд байрлах GEM CASTLE оффисын 10 дугаар давхар, 1005 тоотод худалдан борлуулж бай

9. Багшаар суралцаж буй оюутанд тэтгэлэг олгоно

Энэ хичээлийн жилээс 3.0-3.3 голч оноотой суралцагчид сургалтын төлбөрийн 70 хувь, 3.3-аас дээш голч оноотой бол 100 хувийн тэтгэлэг олгохоор болжээ. Энэ нь эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр болон багш мэргэжлээр суралцагчдад хамаарах бөгөөд багш, ажилтны хүүхэд мөн хамрагдах юм. Үүнд математик, хими, физик, биологи, мэдээлэл зүй, монгол хэл, бичиг, уран зохиол, зураг зүй, технологи, түүх, орос хэлний багшийн хөтөлбөр багтаж байна.

10. Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл болно

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 3-11-ний өдрүүдэд хүлээн авна. Энэ шатны бүртгэлд нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй, мөн түр оршин суух хаягтай хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүсэлт гаргах боломжтой.

11. Боловсон ариун цэврийн байгууламж ашиглана

Ялангуяа орон нутгийн сургуулиуд боловсон ариун цэврийн байгууламжгүй, байгаагаа хүүхдүүдэд ашиглуулахгүй байгаа асуудал гарч байна. Тиймээс аравдугаар сарын 1-ээс бүх сургууль, цэцэрлэг боловсон ариун цэврийн байгууламж ашиглана. 

12. Дүрэмт хувцасны иж бүрдэлд поло захтай футволк нэмэгдэнэ

2027 оны нэгдүгээр сарын 1-ээс сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло захтай футволк нэмэгдэнэ. 

13. Хичээлийн жил дөрвөн улиралтай болсон

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 01-нээс дараа оны зургаадугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ. Танхимын сургалт нь бага ангид 32 долоо хоног, дунд ангид 33 долоо хоног, ахлах ангид 34 долоо хоног үргэлжилнэ. 

14. Хүүхдүүдэд шатар заана

Энэ хичээлийн жилээс “Шатрыг боловсролд” санаачилга орон даяар хэрэгжинэ.   “Их нүүдэл” үндэсний хөтөлбөрөөр шатар сургуулийн хөтөлбөрт оржээ. Энэ ажлын тэргүүн эгнээнд багш нар ажиллана. Тэд хүүхдүүдэд шатар зааж, сурсан арга барилаа бусад багш нартаа түгээнэ. Мөн удахгүй 10 мянган шатрыг сургуулиудад хүргэх аж. 

15. Монголын хүүхдийн ордон 1-ийн бүртгэл 7-ноос эхэлнэ

Монголын хүүхдийн ордон 1 буюу Сүхбаатар дүүрэг дэх Хүүхдийн ордонд урлаг, уран бүтээл, гадаад хэлний дугуйлангууд хичээллэдэг. Бүртгэл есдүгээр сарын 07-ны даваа гарагт 08:30 цагт эхэлнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe