Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогыг ₮459 тэрбумаар нэмэгдүүлнэ

Г.Энэбиш
2026-09-01

Засгийн газар Үндэсний баялгийн сангийн 2026 оны нийт орлогыг ₮2.96 их наядаас ₮3.42 их наяд болгон нэмэгдүүлэх төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Нэмэгдэх ₮459.3 тэрбумыг бүхэлд нь Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр тусгажээ. 

Одоогийн батлагдсан төсвөөр Ирээдүйн өв санд 2026 онд ₮2.43 их наяд хуримтлуулахаар төлөвлөсөн. Харин шинэ төслөөр энэ хэмжээг ₮2.89 их наяд болгон 18.9 хувиар нэмэгдүүлжээ. Нэмэлт орлогын ₮446.2 тэрбумыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-аас, ₮13.1 тэрбумыг Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна.

Ингэснээр АМНАТ-аас Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлого ₮2.19 их наядаас ₮2.63 их наяд, сангийн хөрөнгө оруулалтын орлого ₮240.3 тэрбумаас ₮253.4 тэрбум болж өснө.

Харин төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын ногдол ашгаас Хуримтлалын санд төвлөрүүлэх ₮372.9 тэрбум болон тус сангийн ₮156 тэрбумын хөрөнгө оруулалтын орлогыг өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэмэгдэх ₮459.3 тэрбум нь иргэдийн нэрийн хуримтлалд шууд хуваарилах мөнгө биш бөгөөд бүхэлдээ Ирээдүйн өв санд төвлөрнө.

Энэхүү өөрчлөлт нь уул уурхайн салбараас төсөвт орох орлогын төсөөллийг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Төсвийн тодотголоор Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх орлогыг мөн ₮367.7 тэрбумаас ₮826.8 тэрбум болгон өсгөхөөр тусгажээ.

Гэхдээ хуулийн төсөлд ашигт малтмалын үнэ, экспортын хэмжээ болон валютын ханшийн ямар шинэ тооцоонд үндэслэн орлогыг нэмэгдүүлснийг дэлгэрэнгүй заагаагүй байна.

Эх сурвалж: УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төсөл, Үндэсний баялгийн сангийн 2026 оны батлагдсан төсөв

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe