Ши Жиньпин Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалахыг хүсэв

.Graph
2026-09-01

Өчигдөр буюу 8 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр Бишкек хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал Монголын талтай хөгжлийн стратегиа уялдуулж, худалдаа, дэд бүтцийн холболт, эрчим хүч, ашигт малтмал зэрэг уламжлалт хамтын ажиллагааг ахиулан, ногоон ашигт малтмал, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинээр хөгжиж буй салбарын хамтын ажиллагааны боломжийг бүрэн ашиглаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгон, улс орноо шинэчлэх хөгжлийн замд гар нийлэн урагшлахад бэлэн байна гэв.

Мөн Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаалахыг хүслээ.

Өнгөрсөн наймдугаар сард “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын нэр бүхий иргэд Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуулын ажил хийж байсан Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа файсон энержи” компанийн ажилчид руу дайрах, эд зүйлийг нь гаргаж шидэх, ажлыг нь зогсоох зэрэг үйлдэл гаргаснаа цахим сүлжээнд нийтэлсэн. Уг асуудалтай холбоотойгоор одоогоор иргэнийг цагдан хориод байгаа билээ.

     Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Хятадын хөгжлийн үйл явц нь хөрш орнуудад томоохон боломж олгож, Ази болон дэлхийн хөгжлийг урагшлуулж байна гэв. Хятадтай найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг У.Хүрэлсүх тэмдэглээд, Монголын тал Хятадын талтай улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, ногоон эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe