Учралын Засгийн газар төсвийн таазыг ₮7.1 их наядаар нэмэгдүүлж, ₮43.6 их наядын зарлага төлөвлөв

Г.Энэбиш
2026-09-01

Инфляц 13 хувьд хүрч, Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувь болгон өсгөсөн үед Засгийн газар 2027 оны төсвийн зарлагыг ₮43.6 их наяд байхаар төлөвлөжээ. Энэ нь тавдугаар сард боловсруулсан төсвийн хүрээний мэдэгдэлд заасан дээд хэмжээнээс ₮7.1 их наяд, 2026 оны батлагдсан төсвөөс ₮10.6 их наядаар өндөр дүн юм.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөлд:

  • тэнцвэржүүлсэн орлогыг ₮41.3 их наяд;
  • нийт зарлагыг ₮43.6 их наяд;
  • төсвийн алдагдлыг ₮2.306 их наяд байхаар тусгажээ.

Монгол Улсын 2026 оны батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлага ₮32.98 их наяд байсан. Үүнтэй харьцуулахад ирэх оны зарлага ₮10.62 их наядаар буюу 32.2 хувиар өсөхөөр байна.

Ердөө 2020 онд нэгдсэн төсвийн зарлага ₮13 их наяд орчим байсан бол долоон жилийн дараа ₮43.6 их наяд хүрэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлага нэрлэсэн дүнгээр 3.4 дахин тэлж байна.

Төсвийн хүрээний хязгаарыг дахин өөрчилнө

Засгийн газар 2026 оны тавдугаар сард 2027 оны төсвийн зарлагын дээд хэмжээг ₮36.5 их наяд байхаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин шинэ төсөлд энэ хэмжээг ₮43.6 их наяд болгосон нь хэдхэн сарын өмнөх төлөвлөгөөнөөс ₮7.1 их наяд буюу 19.5 хувиар өндөр үзүүлэлт юм.

Нэмэгдсэн эх үүсвэрт Оюутолгойн ногдол ашиг, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, орон нутгийн үнэт цаасны орлого болон өмнөх оны төсвийн үлдэгдлийг тооцжээ. Төрийн өмчит компаниудаас 2027 онд нийт ₮3.5 их наядын ногдол ашиг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулж, дээрх орлогын хэмжээгээр төсвийн зарлагын дээд хязгаарыг нэмэгдүүлэх санал гаргажээ. Мөн зарлагын өсөлтийг хязгаарладаг төсвийн тусгай шаардлагыг 2027 онд мөрдөхгүй байхаар төсөлд тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь баталсан төсвийн тааздаа багтаан зардлаа эрэмбэлэхийн оронд шинэ орлогын эх үүсвэрүүдийг үндэслэн таазаа өөрчилж, зарлагаа нэмэгдүүлэхээр болжээ. УИХ-ын албан мэдээлэл

Нэг удаагийн орлогоор байнгын зардал нэмэх эрсдэлтэй

Оюутолгойн ногдол ашиг, төрийн өмчит компаниудын ашиг болон ашигт малтмалын орлого нь дэлхийн зах зээлийн үнэ, экспортын хэмжээ, компаниудын ашигт ажиллагаанаас шууд хамаарна.

Зэс, нүүрсний үнэ буурах, экспортын биет хэмжээ тасалдах эсвэл төрийн өмчит компаниуд төлөвлөсөн ашгаа төвлөрүүлж чадахгүй бол төсвийн орлого тасрах эрсдэлтэй. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг урсгал зардлыг нэгэнт нэмэгдүүлсэн тохиолдолд дараагийн жилүүдэд бууруулахад хүндрэлтэй.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өмнөх дүгнэлтдээ түүхий эдийн үнэ болон нүүрсний экспортын нэг удаагийн өсөлтөд түшиглэн зарлагыг огцом нэмэгдүүлсэн нь дараагийн жилүүдийн суурь зардлыг өсгөж, төсөвт ачаалал учруулсныг анхааруулсан. Мөн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, орлогын өсөлтөөс давсан зарлага бий болгохгүй байхыг зөвлөж байв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт

Инфляцтай тэмцэж буй бодлоготой зөрчилдөнө

Монголбанк жилийн инфляц 13 хувьд хүрсэн үед бодлогын хүүгээ 12.5 хувь болгон нэмэгдүүлээд байна. Төв банк мөнгөний бодлогоо чангаруулж, зах зээл дэх мөнгөний өсөлтийг хязгаарлахыг зорьж буй энэ үед төсвийн зарлагыг 32 хувиар нэмэгдүүлэх нь эрэлтийг тэлж, үнийн өсөлтийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Монголбанк

Засгийн газар нэмэлт эх үүсвэрийг эрчим хүчний хараат байдлыг бууруулах, Дулааны VI цахилгаан станц болон 10 аймгийн дулааны станцыг барьж дуусгах, 100 сургуулийг “Ногоон сургууль” болгох, цахилгаан автомашины 500 цэнэглэх станц байгуулах зэрэгт зарцуулна гэж тайлбарласан.

Мөн ахмадын тэтгэвэр нэмэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг өсгөх, бага цалинтай иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр арга хэмжээ нийгмийн хэрэгцээтэй байж болох ч гол асуулт нь зарлагын үр ашиг, эрэмбэ болон орлогын тогтвортой байдал юм. Түр зуурын болон гадаад зах зээлээс хамааралтай орлогоор байнгын зардлаа огцом нэмэгдүүлбэл орлого тасарсан үед зөрүүг шинэ өр, татвар, төлбөрөөр нөхөх дарамт үүсэх эрсдэлтэй.

Ийнхүү Засгийн газар инфляц өндөр, мөнгөний бодлого чангарсан үед төсвийн хүрээний хязгаарыг өөрчилж, 2027 оны зарлагыг ₮43.6 их наяд хүргэх санал оруулж ирлээ. Одоо УИХ шинэ орлого олдсон бүрд төсвийн таазаа нэмж зарлага өсгөх үү, эсвэл орлогын савлагаанаас хамгаалж хуримтлал үүсгэх үү гэдгийг шийдэхээр байна.

 

 

 

 

 

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe