Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн зорчих хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлж, 06:20-22:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ талаар “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын захирал С.Баттулга: “Есдүгээр сарын 1-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжихтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Бид нийслэлчүүд болон сурагчдад аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг нэн тэргүүнд тавин ажиллах болно. Мөн цаашид нийтийн тээврийн үйлчилгээг аюулгүй, найдвартай, соёлтой, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ иргэд, сурагчдын зорчилтын аюулгүй байдлыг хангаж, үйлчилгээний чанар, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд анхаарна” гэжээ.
Тус байгууллага өвлийн цагийн хуваарийн хүрээнд нийтийн тээврийн 12 чиглэлд нийт 91 автобусаар үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.
Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагчдын аюулгүй зорчилтыг хангах сургуулийн автобусны үйлчилгээнд мөн бэлтгэлээ хангажээ. Энэ хүрээнд сургуулийн зориулалтын 8 автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг хийж, техникийн үзлэг, оношилгоонд оруулан 2026-2027 оны хичээлийн шинэ жилд үйлчилгээнд гарахад бэлэн болгожээ. Эдгээр автобус 8 чиглэлд үйлчилж, өдөрт дунджаар 1000 гаруй сурагчдад үйлчлэх боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх