Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлтийг 2024 онд долоон хувьд хадгална

О.Онон
2024-04-09

Монгол банк байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд манай улсад ажиллаж буй гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд долоон хувьд хадгалахыг хичээж байна” хэмээн мэдээлсэн байна. 

Тодруулбал, “Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон хувийн өсөлттэй гарсан, төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл ашигтай гарсан зэрэг нь эдийн засаг тогтворжиж байгаа тоон үзүүлэлт юм. Энэ нь уул уурхай, тээврийн салбарын өсөлттэй холбоотой.

Одоогоор 5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа учир ханш тогтвортой байна. Ханш өнгөрсөн онд хоёр хувиар чангарсан, энэ онд ч байдал хэвээр үргэлжилнэ.

Энэ оны гуравдугаар сард инфляц долоон хувь хүрсэн нь төв банкны бодлогын зорилтот түвшинд байлаа. Иймд мөнгөний хатуу бодлогоо зөөлрүүлж, 13 хувь байсныг нэг нэгж хувиар бууруулсан. Цаашид нөхцөл байдал таатай хэвээр үргэлжилбэл дахин багасгах боломжтой” гэв.

Манай арилжааны банкууд өнгөрсөн онд нийт 470 тэрбум гаруй төгрөгийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож (IPO) банкны санхүүгийн чадавх сайжирсан байна.

Монгол, Оросын хамтарсан банкыг анх 1924 оны зургаадугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулж, арилжааны шинжтэй үйл ажиллагаа явуулж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe