Төсөв 2027: Гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг ₮2.49 их наяд байхаар тусгажээ

Г.Энэбиш
2026-09-01

Хуулийн төслийн өрийн удирдлагын хэсэгт Засгийн газар 2027 онд хийх гадаад болон дотоод зээллэгийн нийлбэр дээд хэмжээг ₮2.489 их наяд байхаар тусгажээ. Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газрын дотоод болон гадаад үнэт цаасыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өрийг дахин санхүүжүүлэх, улирлын орлогын дутагдлыг нөхөх болон төсөл санхүүжүүлэх зэрэг зориулалтаар гаргаж болдог.

Гадаад төслийн зээлийн тааз ₮3.88 их наяд

Засгийн газрын 2027 онд авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг ₮3.877 их наяд байхаар төлөвлөжээ. Энэ нь олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар болон бусад зээлдүүлэгчээс төсөл хэрэгжүүлэх зорилгоор авах зээлийн хэмжээ аж. Мөн аймаг, нийслэлийн гаргах үнэт цаасны дээд хэмжээг ₮2.555 их наяд байхаар тусгасан байна. Аймаг, нийслэл дотоодын зах зээлд төгрөгөөр үнэт цаас гаргаж болохоос гадна нийслэл Засгийн газрын өрийн баталгаатайгаар гадаад үнэт цаас гаргах эрх зүйн боломжтой гэсэн үг. Тухайлбал Сэлбэ дэд төвийн бондын төлөлтийг ирэх онд хийх ёстой. Тус бондын төлбөрийг хойшлуулж дахин санхүүжүүлэх эрхээ төсөвт тусгасан байж болох талтай. 

Ингэснээр төсөлд тусгасан шинээр үүсгэх өрийн гурван төрлийн дээд хэмжээ нийлээд:

  • Засгийн газрын гадаад, дотоод зээллэг - ₮2.489 их наяд;

  • Гадаад төслийн зээл - ₮3.877 их наяд;

  • Аймаг, нийслэлийн үнэт цаас - ₮2.555 их наяд;

буюу нийт ₮8.921 их наяд хүртэл эрх олгуулахаар ирэх оны төсвийн төсөвд тусгажээ. 

Гэхдээ эдгээр нь бүгд “шинээр гаргах бонд” биш, харин тухайн ангилал тус бүрийн хуулиар зөвшөөрөх дээд хязгаар юм.Түүнчлэн Засгийн газар 2027 онд ₮5.987 их наядын өрийн үндсэн төлбөр, Сангийн сайдын багцаас ₮1.573 их наядын зээлийн хүү төлөхөөр төлөвлөжээ. Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг ₮6.4 их наяд байхаар төсөлд тусгасан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe