2025 онд МУ-ын хүн ам 3,591,120 болж өмнөх оны мөн үеэс 1 хувиар өссөн статистик үзүүлэлт гарчээ. Гэвч тус онд улсын хэмжээнд 56.7 мянган хүүхэд төрж, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурчээ. Энэ бууралт цаашид үргэлжилвэл хүн амын өсөлт удаашрах, буурах эрсдэл дагуулж байгаа юм.
---Төрөлт буурсан ч хүн ам яагаад өссөн үзүүлэлттэй байна вэ---
Нас баралт 2025 онд 18,108 болж, өмнөх оноос 0.8 хувиар буурсан нь хүн амын өсөлтийг тодорхой хэмжээнд барьж байгаа юм. Гэвч төрөлтийн бууралт өндөр хувьтай байвал цаашид хүн амын өсөлт буурах, удаашрах эрсдэлтэй байгаа юм.
Төрөлтийн бууралт ганц Монгол улсад ч тохиолдоогүй, дэлхийн улс орнуудын бүгдийнх нь шахуу зовлон. Гэр бүлүүд цөөн хүүхэдтэй болохыг эрмэлздэг болсон, эмэгтэйчүүдийн боловсрол өндөр болсон, хожуу төрөлт нэмэгдсэн, хэрэглээний зардал өссөн, хүүхдийн өсөж бойжих эрүүл, аюулгүй орчин бүрдээгүй зэрэг олон шалтгаанаар төрөлт буурч байна.
Харин Монгол Улсад төрөлт буурч буй хамгийн гол шалтгаан нь төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсантай холбоотой аж. Тодруулбал, 1991-2005 онд төрөлт огцом буурсан жилүүдэд төрсөн эмэгтэйчүүд одоо ид нөхөн үржихүйн насны буюу 21-35 насны эмэгтэйчүүд болоод буй.
Хүн амын өсөлтийг эрс нэмэгдүүлсэн 2007 оны “Алтан гахай” жилтнүүд хоёр жилийн дараа 21 нас хүрч төрөх насны эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх магадлалтай байна.
Улс орны хүн амын өсөлтөд төрөлт, нас баралт, гадаад шилжих хөдөлгөөн гэсэн гурван үндсэн хүн ам зүйн үзүүлэлт шууд нөлөөлдөг ба хүн амын тооны өөрчлөлт нь улс орны тухайн үеийн нийгэм, эдийн засгийн хөгжил, ард түмний аж байдлын түвшин, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг олон хүчин зүйлтэй уялддаг. Тиймээс төрөлтийн бууралт урт хугацаанд үргэлжлэх нь хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүч, хүн амын насжилт, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөх зэрэг олон эрсдэл дагуулж болзошгүй юм.
Сэтгэгдэл үлдээх
Why would we care about ts?
Зочин
Дэмжих үү?
0 0