Ч.Чинхүсэл
2026 онд иргэдийн хооронд хамгийн их анхаарал татаж, талцал үүсгэсэн мэтгэлзээний сэдэв бол Туулын хурдны зам төсөл. Өнөөдрийн байдлаар уг төслийн санхүүжилт, үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байгаа.
Харин түр гэдэг үгний ард удахгүй үргэлжлэх боломжтой утгыг илэрхийлж байлаа. Харин хамгийн сүүлд Нийслэлийн засаг дарга(НЗД) бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Дахиж Туулын хурдны зам гэх ойлголт байхгүй” гэв. Гэхдээ гүйцэтгэгч Чайна Хайвэй Групп(China Hyway Group Limited) компанитай байгуулсан гэрээ үргэлжилнэ
---Туулын хурдны зам төсөл 2026 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлж, 2026 оны дөрөдүгээр сарын 22-ноос түр хугацаанд зогссон---
2008 он
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, транзит хөдөлгөөнийг хотын төвөөс тойруулах зорилгоор Хот байгуулалт, бодлого судалгааны хүрээлэн болон Улаанбаатар хот байгуулалтын газар урьдчилсан тооцоолол зэрэг анхны судалгааг эхэлсэн.
Тухайн үед хотын автомашины тоо харьцангуй бага байсан ч ирээдүйд түгжрэлээс сэргийлэх хэвтээ тэнхлэгийн гол хурдны зам шаардлагатай гэж үзэн Туул голын ай савыг дагуулж зам тавих санаа гарч ирсэн.
2013 оны наймдугаар сар
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед Засгийн газрын 307 дугаар тогтоол баталж, хурдны зам барих солбилцол болон чиглэлийг анх удаа албажуулсан.
2014 он
Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) бэлэн болсон.
Тухайн үед 4 эгнээтэй, 34 км урт далан бүхий авто зам, 4.36 км гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж байв.
Гэвч эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалт шийдэгдээгүйн улмаас төсөл 10 жил царцсан.
2023 он
Засгийн газрын 253 болон 355 дугаар тогтоолоор уг төслийг Концессын ("Барих-Ашиглах-Шилжүүлэх") жагсаалтад оруулж, олон улсын хөрөнгө оруулагчдыг хайж эхэлсэн.
2025 оны нэгдүгээр сар
Хотын автомашины тоо 800,000 давсантай холбогдуулан замын хэмжээг шинэчлэн 6 эгнээ болгож, голын экосистемийг хамгаалах нэрийдлээр замын дийлэнх хэсгийг гүүрэн байгууламж (9.8 км урт) болгон өөрчилснөөр төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг болж, огцом өссөн.
2026 оны гуравдугаар сар
Хотын дарга Х.Нямбаатар замын барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүлж, зорчих хэсгийг 2027 оны долоодугаар сард багтаан нээх, 2028 оны наймдугаар сард бүрэн ашиглалтад оруулах амлалт өгсөн.
Зам нь Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн аюулгүйн тойрог хүртэл Богд уулын энгэрээр 32 км үргэлжлэхээр төлөвлөгдсөн байв.
2026 оны 4–5 дугаар сар
Гүйцэтгэгч компаниуд Туул голын ай савд олон зуун мод огтолж, ундны усны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан нь илэрч, иргэд байгаль хамгаалагчдын “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөн хүчтэй өрнөв.
2026 оны зургаадугаар сар
УИХ-ын хяналтын сонсголоор Туулын хурдны замын төсөв өртөг нь жишиг үнээс дөрөв дахин өндөр, тендерийн хууль бус үйлдэл, гүйцэтгэгч компанийн оффшор сүлжээтэй холбоотой зөрчлүүд илэрсэн.
Нийслэлийн 2025, 2026 оны төсөвт тусгагдсан хөрөнгөөс төслийн ажлыг эхлүүлэх урьдчилгаа санхүүжилт гэх утгаар нийт 500 орчим тэрбум төгрөгийг үе шаттайгаар гүйцэтгэгч компанийн түр данс руу шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон сонсголын явцад хамгийн ноцтой илэрсэн баримт бол гүйцэтгэгч компанийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгааг авахдаа гаргаж өгсөн урьдчилгаа төлбөрийн баталгаа юм. Санхүүгийн Зохицуулах Хорооноос (СЗХ) хуурамч болохыг нь тогтоосон юм. Тус компаниас өгсөн баталгаа нь олон улсын болон дотоодын банкны баталгаа биш,, эрсдэл даах чадваргүй санхүүгийн бүтцийн баримт бичиг байсан юм. Хуулиараа банкны баталгаагүйгээр улсын төсвөөс ийм хэмжээний урьдчилгаа олгох ёсгүй байдаг.
Үүний үр дүнд Засгийн газраас хууль хяналтын шалгалтын дүн гартал төслийн санхүүжилт, үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.
Зардал
Анх 1,9 их наядын төсвөөр төлөвлөж байсан ч гүүрэн байгууламжийн уртыг өөрчилж, 2.3 их наяд төгрөг болсон.
Экологи талаас учрах аюул
Туул гол: Туул голын ай сав нь Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр юм. Замын багана, суурийг цутгах нь гадаргын болон газар доорх усны гидравлик (усан холбоо) бүтцийг алдагдуулж, гол татрах, хуурайших аюултай.
Гидравлик холбоос тасрах: Төслийн зургаар Туул голын ай сав, хамгаалалтын бүс дотор 300 орчим бетонон тулгуур багана суурилуулахаар төлөвлөсөн. Эдгээр аварга бетонон цутгамал сууриуд нь гадаргын ус, газар доорх ундны усны давхарга руу нэвчиж сэлбэгдэх байбийн гидравлик холбоосыг тасална.
Ой мод, орчин: Хурдны замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр зайд буюу 32 км урт трассын дагуу нийт 494 га талбай шууд болон шууд бусаар өртөнө. Тус нөлөөллийн бүсэд хамаарч буй ургамлын бүрхэвчийн 75 хувийг бургасан ой, 25 хувийг улиасан ой эзэлдэг. Эхний шатны ажлаар Маршалын гүүр орчмын бургасыг устгаж эхэлсэн нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Голын бургас нь усны ууршилтыг багасгах, урсцыг зохицуулах байгалийн гол хүчин зүйл болдог юм.
Туулын хурдны зам төслийн хувьд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон зураг төсөл нь Усны хэрэг эрхлэх газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудаар батлагдаагүй, "нууц" байдалтай эхэлсэн нь шүүмжлэлийг улам дагуулсан билээ.
Хууль
Хуулийн заалт 1: Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд усны эх үүсвэр, голын ай сав, онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэдгээрт мөрдөх дэглэмийг заасан. Онцгой хамгаалалтын бүсэд голын эргээс 50 метрээс доош зайд барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог.
Зөрчил: Төслийн барилгын ажил багана суурилуулах өрөмдлөг нь Туул голын онцгой хамгаалалтын бүс дотор байсан.
Хуулийн заалт 2: Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих бүх томоохон дэд бүтцийн төслүүд эхлэхээсээ өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар (БОУАӨЯ) Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ (БОНҮ)-г хэлэлцүүлж, батлуулах үүрэгтэй.
Зөрчил: Туулын хурдны зам төслийн БОНҮ-ний тайлан албан ёсоор эцэслэгдэн батлагдаагүй, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гараагүй байхад барилга угсралтын ажлыг дур мэдэн эхлүүлсэн. Энэ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл болж байна.
Хуулийн заалт 3: Худалдан авах ажиллагаа хууль ёсны, ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангасан байх ёстой бөгөөд төслийн төсөвт өртөг нь эрх бүхий байгууллагын магадлалаар баталгаажсан байна.
Зөрчил: УИХ-ын хяналтын сонсголоор, анх 1.9 их наяд төгрөгөөр зарлагдсан төслийн өртгийг магадлал хийлгэлгүйгээр 2.3 их наяд төгрөг болгон өсгөж, тендерийн шалгаруулалтыг хууль бусаар явуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Хуулийн заалт: Голын дагуух бургас, улиасан ой нь ус хамгаалалтын бүсийн ойд хамаарах бөгөөд тэдгээрийг огтлох, устгахыг хуулиар нарийн хязгаарладаг. Арчилгааны болон цэвэрлэгээний зорилгоос бусад тохиолдолд ногоон бүсийн ойг бөөнөөр нь огтлохыг хориглоно.
Зөрчил: Маршалын гүүр орчимд 26 га гаруй талбайн бургас, ойг зөвшөөрөлгүйгээр шууд техникээр түрж устгасан нь Ойн тухай хуулийг зөрчиж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл болсон юм.
Туулын хурдны зам барих үндэслэл
Хотын төвийн ачааллыг багасгах: Улаанбаатар хот зүүнээс баруун чиглэлд ганцхан гол замтай “Энхтайваны өргөн чөлөө” юм. Туулын хурдны зам ашиглалтад орсноор хотыг баруунаас зүүн тийш Баянзүрхийн товчооноос Сонсголон хүртэл дайран өнгөрөх транзит хөдөлгөөн хотын төв рүү оролгүйгээр Богд уулын энгэр, голын далан дагуух замаар шууд нэвтрэх боломжтой болно. Төслийн ТЭЗҮ-д замын зорчих хэсгийн тооцоот хурдыг 80-100 км/цаг байхаар тусгасан. Энэ нь хотын нэг захаас нөгөө зах руу зорчих хугацааг одоогийнхоос 3-4 дахин багасгана гэсэн үг юм.
Энэ зам нь гэрлэн дохиогүй, явган хүний гарцгүй, уулзварууд нь хоёр түвшний гүүрэн байгууламжтай байх тул автомашинууд зогсолтгүй, өндөр хурдтай зорчино. Энэхүү чиглэл нь Хан-Уул, Яармаг орчмын асар хурдтай нэмэгдэж буй хүн амын төвлөрөл болон шинэ барилгын хорооллуудын автомашины урсгалыг шууд шингээж авах дэд бүтэц болно гэж тусгажээ.
Үерийн хамгаалалт: Төслийн зүгээс уг замыг зөвхөн авто зам биш, Туул голын үерийн аюулаас хотыг хамгаалах хүчитгэсэн бетонон далан, инженерийн байгууламж давхар болж өгнө гэж тайлбарласан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Туул гол дагуу том хэмжээний үер ойрхон давтамжтай болох эрсдэлтэй байгаа тул хотын төвийн дүүргүүдийг усанд автахаас хамгаалах үндсэн хамгаалалтын бүс болно гэжээ..
Ирээдүйгээ бодсон алхам: Улаанбаатар хотын авто замын сүлжээ анх 400,000 орчим хүн ам, 100,000 хүрэхгүй автомашинд зориулагдаж хийгдсэн. Одоо машины тоо 850,000 давж, жил бүр 50,000-аар нэмэгдэж байна. Энэ цаг үед одоо байгаа замуудыг өргөтгөх орон зай хотын төвд байхгүй тул урд эсвэл хойд хэсгээр шинэ тууш зам тавихгүй бол ойрын 5-10 жилд хотын хөдөлгөөн бүрэн тэг зогсолтод орно гэдгийг инженерүүд анхааруулсан юм.
----Туулын хурдны зам гэх ойлголт байхгүй болсон---
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Талуудын 17-р бага хурал(COP)-ын хүрэнд Хотын дарга нарын форум зохион байгуулсны дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Трасс өөрчилнө гэдэг бол замын маршрут, чиг шугамыг өөрчилнө гэсэн үг. Яагаад хэлэлцээр хийж байна гэхээр нэг талаас нийслэл хот захиалагч гээд гарын үсэг зурчихсан, нөгөө талаас Чайна Хайвэй Групп компани гүйцэтгэгч гэдгээр эрх зүйн баримт бичиг үйлдээд, гарын үсэг зурчихсан яваа. Энэ төлөвлөгдсөн төсвийг Улаанбаатар хотод илүү үр ашигтай, түгжрэлийг бууруулах замууд руу л шилжүүлэх хэлэлцээр хийж байна. Тухайлбал олон түвшний уулзварууд. ХААИС-ын уулзварт дөрвөн зам уулынхаа замын урсгалыг боочихдог. Тэгэхээр бид уулын замын хөндлөн хөдөлгөөнийг дээгүүр нь гаргах байдлаар гүүрэн байгууламж хийх юм бол Зайсангийн түгжрэл шийдэгдэнэ. Бас нарны гүүрний урд талын ТИС-ийн МИС-ийн уулзвар гэж байдаг. Тэнд мөн олон түвшний уулзвар хийх юм бол мөн тэр бүсийн түгжрэл шийдэгдэнэ гэх мэтчилэн тооцоо судалгаатай өөр замуудыг хийх хэлэлцээр хийж байгаа. Хуучин трасс буюу тэр маршрутаар зам хийхгүй” хэмээн мэдэгдээд байна.
Сэтгэгдэл үлдээх