2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлаад ирсэн зурагчин Ч.Ганбаттай ярилцлаа.
---------------------------------------------------------------------
-Та хөл бөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилсан цөөн хүний нэг боллоо. Юуны өмнө өөрийн нүдээр Месси, Роналдуг харах мэдрэмж ямар байсан бэ?
-Хөл бөмбөг сонирхогчдын мөрөөдөл болсон, домог болсон тэднийг ногоон дэвжээн дээр хараад, маш ойроос зургийг нь аваад, ДАШТ-ийн ногоон дэвжээн дээр гишгэсэн анхны Монгол хүн болоод л... Мэдээж олон монгол хүн үзэхээр очсон, FIFA-ийн урилгаар ч очсон, VIP суудалд суугаад ч үзсэн. Гэхдээ ногоон дэвжээн дээр тамирчид, шүүгчид, эмч, зурагчид гарна. Тиймээс анхны монгол нь болчхоод байгаа юм.
-Эмоци ямар байдаг юм байна?
-Аймар. Би чинь бас зургаан олимп үзчихсэн, нүд тайлагдсан гэж бодсон чинь л хөл бөмбөг гэдэг шал өөр юм билээ. Яалт ч үгүй, дэлхийн тэрбум тэрбум хүний үздэг, номер нэг спорт гэдэг нь тэгэхэд л мэдрэгдсэн. Роналдуг тоглоход битүү долоо номерын хувцастай хүмүүс долоон мянган суудалтай цэнгэлдэхийг дүүргэж байна гэдэг чинь аймар. За яахав, 70/30 хувьтай байдаг л даа. Гэхдээ одууд дээр бол 70-80 хувь нь Роналдугийн, Неймарын ч юм уу фанатууд байдаг. Тэр уур амьсгал, ялангуяа АНУ-д уур амьсгал нь үгээр хэлэхийн аргагүй байлаа.
-Та зургаан олимп үзсэн гэж байна. Гэтэл олимпоос илүү хөл бөмбөг яагаад тийм сайхан үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлсэн юм бол?
-Материаллаг талаас нь харвал, ард түмнийг хамгийн бага зардлаар спортод оруулдаг спорт нь хөл бөмбөг.
-Бөмбөг байхад л болно гэж үү?
-Бөмбөг байхгүй ч лааз өшиглөдөг, тийм үү. Хүүхэд чинь бөмбөг байвал өшиглөчихдөг. Баян улс ч бай, ядуу улс ч хоёр шон тавьж хаалга болгоод тоглодог. Тэгээд л тэгш талбай байвал болчихно. Тэр утгаараа хүмүүсийг татдаг байх. Лааз өшиглөөд, дараа нь лааз нь бөмбөг болж, сайжраад ирэхээр пүүз өмсөнө гэх мэт.
-Та яаж явсан юм бэ, мэдээж спонсорууд байсан байх. ДАШТ-ийн тоглолтууд олон хотод зэрэг болж байсан. Олон километр, дамжин нислэгийг туулсан нь шандас сорьсон уу?
-Тийм ээ. Ер нь бол маш өндөр шалгуурыг давж байж ногоон зүлгэн дээр гишгэж, зураг авах эрх олдсон. Зурагчныхаа хувьд хоёр ч удаа ДАШТ-ийг сурвалжлах гэхэд Монгол Улсад квот өгөөгүй. Бүх материалаа л явуулаад байхад энэ удаад боломжгүй гэх хариуг авч байсан. Боломжгүй гэдэг шалтгаан нь бид цөөн хүн амтай, хөл бөмбөг үзэгчдийн тоо бага гэх мэт. Ингэж ингэж зурагчинд мандат олгосон нь анхных байлаа. Сэтгүүлчдийн хувьд Таван цагариг сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин дөрөв дэхээ ажилласан.
Ингээд манай улсад квот өгснөөр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо сонгон шалгаруулалт явуулснаар шалгарсан юм. Нэгэнт явсан болохоор аль болох олон тоглолт сурвалжлахыг хүссэн. Энэ далимд хэлэхэд, би нэг ч төгрөг улсаас аваагүй.
Өмнө нь ДАШТ-ий тоглолтууд ихэвчлэн нэг хотод, өөр өөр цэнгэлдэхэд болдог. Тэгээд сэтгүүлчдийн дотоод автобусаар ч юм уу тоглолт хооронд явдаг байлаа. Ихэнх зардал цаанаас буюу зохион байгуулагч болон FIFA-аас гардаг байлаа. Гэвч АНУ-д болсон нь бүгд өөр өөр хотод болж, ийш тийш их ниссэн. Миний хувьд 40 хоногийн хугацаанд 23 тоглолтын зураг дарж, нийтдээ 58 удаа хот хооронд ниссэн байна. Энэ болгоныг спортод элэгтэй монголынхоо компаниуд, хуурай дүү нар, найз нар гээд бүгдээс нь гуйж, зардлаа босгосон. За ах нь явлаа гээд л гуйсан. АНУ-д амьдарч байгаа монголчууд, Монголоос тоглолт үзэхээр очсон хүмүүс маш их дэмжиж тусалсан. Тэд бүгдэд маш их баярлаж байна. Мөн Монголын хөл бөмбөгийн холбоо, Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гээд намайг тусалж дэмжсэн бүхэнд баярлалаа.
-Хэр их зурагтай ирэв, 40 хоногийн хугацаанд 23 тоглолтын зураг дарсан байна?
-Дэлхийн олон спортоос хөл бөмбөг номер нэг. Номер нэг учраас олон дэмжигчид бий. Тэдэн дунд орж, уур амьсгалыг нь мэдэрсэн агшинг ямар нэг байдлаар илэрхийлэхгүй бол болохгүй. Тиймээс яваад ирсэн ажлаа ном болгох санаа бол байна. Бэлтгэл ажилдаа орчихсон байгаа.
-Айлын зурагчид хэр явж байсан бэ, манай улсын хувьд анх удаа ногоон зүлгэн дээр гишгэсэн байхад бусад улсын зурагчид олон жилийн туршлагатай байсан болов уу?
-Тоглолтын зургийг дарж буй зурагчид гэвэл тухайн тоглож буй хоёр улсын зурагчид, тэгээд томоохон агентлагууд, дараа нь яг над шиг улс улсаас ирсэн зурагчид байдаг. Нэг нэгэндээ зөвлөнө, зарим нэгэнд нь дурангаа хэрэглүүлнэ гэх мэт зүйлс болно оо, болно.
-Таны хувьд мартагдашгүй тоглолт нь аль нь байсан бэ?
-Эхний тоглолтууд дунд байсан даа. 500 мянга гаруй хүнтэй Кабо Верде улс ДАШТ-д оролцож, түрүүлнэ гэсэн амбийцтай байсан Испанитай тоглоод тэнцсэн. За хэд нойлоор хожигдох юм бол доо гэсэн бодолтой л орсон. Гэвч тэнцчихсэн. Тэр хамгаалагч ямар мундаг түүх бүтээв. Тэр тоглолт үнэхээр мартагдашгүй, гайхалтай байсан. Тэгээд финалд Испани, Аргентины тоглолт.
-Дараагийн ДАШТ-д явмаар санагдаж байна уу?
-Тоглолтоос тоглолтын хооронд нисэж явахдаа өөрийн зургийг гаднын улсуудын зурагчидтай харьцуулж, өдөр болгон суралцсаар ирлээ. Одоо ч суралцсаар байна, сурах юм их байна. Дараагийн ДАШТ-д хоёр, гурван квот аваад шавь нартайгаа явахыг хүсэж байна. Дандаа би гэхээс илүү залуусаа дэмжмээр байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх