Л.Отгонтуяа: 2027 оны төсөв хувийн хэвшлийн үйл ажиллагааг хумьж, хааж, маш их дарамт үзүүлнэ

Г.Энэбиш
2026-10-16

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяатай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа. 

-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байна. Та манай уншигчдад ирэх оны төсвийн төслөөс анхаарах ёстой хамгийн чухал зүйл, гол шүүмжээ хэлж өгөөч?

-Шүүмж гэхээс илүү Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх оны төсвийх төсөлд өгсөн дүгнэлтийг үндэслэн ярья. 

Засгийн газраас өргөн барьсан төсвийн сайн тал нь иргэдийнхээ орлогыг хамгаалж, эдийн засгийг төрөлжүүлэх маягтай, дээрээс нь төрийн өмчит компаниудын орлогыг төсөвтөө төвлөрүүлж байгаа нь давуу талтай. 

Харин хамгийн их санаа зовоож буй зүйл бол төсвийн зарлага 28.5 хувиар нэмэгдсэн. Түүний дотор 70 гаруй хувь нь урсгал зардал байгаа нь энэ жилийн төдийгүй, дараагийн хоёр жилд дарамт үүсгэнэ. 

Урсгал зардал яагаад ийм их байгаа нь төрийн албан хаагчдын цалинг нэмж, суурь тэтгэвэр бий болгоод түүнийгээ нэмэгдүүлж байгаатай холбоотой. Энэ бол хэрэгтэй зүйл. Гэхдээ цалинг нэмэхдээ шууд инфляцтай уялдуулаад шууд хувь тооцон нэмэх гэхээс илүү хэн, ямар чиг үүрэгтэйгээр, ямар ажлыг, ямар ачаалалтайгаар, яаж гүйцэтгэж байгааг харгалзан нэмэхгүй бол дараа дараагийн төсөвт маш их дарамт үүсгэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, сууриар нь цалинг нэмэх биш бүтээмжтэйгийнх нь цалинг нэмэх юм бол дараа жилүүдийн төсөв дэр зарлагын дарамтаас сэргийлж чадна. 

Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ бага тэтгэвэртэй хүний тэтгэврийг нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ суурь тэтгэврийг нэмж, тэтгэврийн зардлыг өсгөх нь Нийгмийн даатгалын сандаа, ялангуяа тэтгэврийн даатгалын сангийн төсвөөс хараат байдлыг улам нэмэгдүүлнэ. Гол нь нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг өөрөө мөн чанараараа хэрэгжихгүй байх нөхцөл үүснэ. Миний хувь судлаачийн үүднээс хэлдэг нэг зүйл бол бага тэтгэвэртэй хүмүүсээ амьжиргааны доод түвшин хүртэлх зөрүү, тэрнээс доош тэтгэвэр авч буй хүмүүстээ зөрүүг нь тэтгэврийн даатгалын сангаас биш халамжийн сангаас өгөөч гэдэг байр суурь. Тэгвэл илүү бодитой дэмжлэг болно. Тэгэхгүй бол насаараа нийгмийн даатгалын шимтгэлийг өндрөөр төлж байсан, өндөр цалинтай ажилладаг байсан хүмүүсийг нэмэгдүүлэхгүйгээр бага орлоготой хүмүүсийн тэтгэврийг нэмээд байхаар шударга ёсны зарчим алдагдана. Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь ач холбогдол байхгүй болно. 

Урамшуулал, татаасын эзлэх хувьд нийт урсгал зардалд маш өндөр байна. Үүнийг олон нийт анхаарах ёстой. 

-Тэлж орж ирсэн 10 их наядыг тэдээр бууруулахгүй бол хүндрэл үүснэ шүү, магадгүй нүүрсний орлого унавал гэдэг эрсдэл байгаа шүү дээ. Таны хувьд төсвийн урсгал зардал дараа дараагийн жилүүдэд дарамт өгнө ч гэж ярьж байна. Төсвийг хэд болгон бууруулж байж боломжийн хэмжээнд очих вэ?

-Манай зөвлөлийн хувьд төсвийг тэдээр бууруулбал тэгнэ гэдэг байдлаар детальчилж үзэх боломж маш бага байдаг. ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагын хувь нь 

  • 27 хувиас, за байг 30 хувиас хэтрэхгүй байвал эдийн засгийн өсөлтөө дэмжинэ, эдийн засгийн өсөлтдөө садаа болохгүй, 
  • 25 хувиас хэтрээгүй байвал инфляцыг өдөөхгүй гэдэг тооцоо гаргасан. Энэ тоонд л бариасай. 

Төсвийн төсөлд ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагыг 37.8 хувьтай байхаар оруулж ирсэн. Байвал зохихоос 10-аад хувиар гэсэн үг. Тэгэхээр инфляц нэмэгдэх нь тодорхой. Цалин тэтгэврийг нэмлээ гэхэд эхлээд нэмэх сургаар инфляц өсөөд байдаг, нэмэгдсэнийх нь дараа дахиад өсдөг. Энэ бүхний зөв тэнцвэрийг олох ёстой. Олж чадах орлого дээрээ алдагдлынхаа тодорхой хувийг нэмээд, түүндээ багтааж дунд хугацааныхаа төлөвлөлтийг хийж, үр дүнтэй нь холбож явах ёстой. 

-Олон улсад төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Бараг 30 орчим улсын төв банк их, бага хэмжээгээр бодлогын хүүгээ өсгөсөн. Дэлхий даяар ам.доллар үнэтэй болж байна. Гэтэл манайх төсвийн алдагдлаа нэмж оруулж ирсэн. Ингээд Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас багц үүсгэж, валютын нөөцөө хамгаална гэж байна. Гадна талдаа мөнгө үнэтэй болж байхад зээл авснаар урт хугацаандаа төсөвт хэр дарамт болох вэ?

-Үнэхээр дарамттай болно. Зөвлөлийн зүгээс суурь тэнцэл, суурь зарлагыг төсвийн хүрээнд орж ирэх нь зохисгүй гэж үзсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 хувиас илүүгүй алдагдалтай байх ёстой, бүр болж өгвөл ашигтай байх ёстой гэдэг заалтыг буцааж оруулахдаа УИХ маань байнгын хороон дээр дэмжээгүй байхад, чуулган дээрээ 3 хувь хүртэлх алдагдалтай байж болно гэж нэмж оруулж ирсэн. Ингэснээр гадаад эх үүсвэрүүдийг ашиглах эсвэл зарлагаа нэмэгдүүлэх орон зай бий болчхож байгаа. Гэхдээ үүнийг нэмэхийн тулд нэмээд байх биш цаашдаа улсын хөгжлийн бодлого, иргэдийн амьжиргаа гээд бүх зүйлтэй нь холбож явахгүй бол төсөв ч даахгүй. Ирээдүйд өрийн дарамт ч нэмэгдэр сөрөг үр дагавартай. 

Монголбанкны ерөнхийлөгч ч бодлогын хүүгээ инфляцыг зорилтот түвшинд хүртэл нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр мөнгөний болон төсөв, татварын бодлого уялдаа, зохистой тэнцвэрийг хангах макро түвшний хамгийн чухал асуудал болоод байна. 

-Хувийн хэвшлийнхэнд ямар дарамт, хүлээлт үүсэж байна гэхээр төр баахан цалин тэтгэвэр нэмнэ гэж хэлэхээс гадна, хүүхэд нь ханиад хүрвэл тав хоногийн цалинтай чөлөө хүртэл олгоно гэж байна. Хувийн хэвшлийн бүтээмж өсөөгүй байхад шууд цалин өсгөх хүлээлт бий болгосноо төрийн албаныхан тав хоног ажиллахгүй байж болно гээд байгаа нь нийгэмдээ, хөдөлмөрийн зах зээлдээ ямар дохио юм бэ, хувийнханд ямар дарамт үзүүлэх вэ?

-Хувийнханд маш их дарамт үзүүлнэ ээ. Хувийн хэвшлийн үйл ажиллагааны орон зайг хумина, хаана. Тиймээс миний өмнө хэлсэн төрийн албан хаагчийн цалинг нэмэхдээ нэг хувиар бүгдийг нь нэмэх биш яг тэр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжтэй нь холбож нэмэх хэрэгтэй. Гэтэл харанхуйгаар шууд цалин нэмнэ гээд явчих юм бол монголын төр цалин л өгдөг, тэтгэвэр л өгдөг төр болно. Өөр ямар ч бодлогын орон зай үлдэхгүй. 

-Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe