Д.Аюурбунь: Хэнтий аймагт тулгамдаж буй гол асуудал бол эрчим хүч, дулааны эх үүсвэр

Г.Энэбиш
2026-11-25

Хэнтий аймгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого болон тулгамдаж буй асуудлаар аймгийн Засаг дарга Д.Аюурбуньтай ярилцлаа. 

- Хэнтий аймагт энэ жил өвөлжилт хэр байна вэ, ер нь хөгжлийн ямар түвшинд явна вэ? 

- Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үүрэг болгосны дагуу аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хоёр түвшинд хангаад байна. Хөдөө аж ахуйн чиглэлд өвс тэжээлийн хангамж, нөөцөө бэлтгэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Сум, суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажил 97 хувийн биелэлттэй үргэлжилж байна. Энэ өвөл харьцангуй сайхан жил болох байх гэж найдаж байна. 2023, 2024 онд аймгийн зүүн болон урд бүсийн сумд зудад өртөж, багагүй хохирол амссан. Ойролцоогоор нэг сая гаруй толгой мал хорогдсон гэх тооцоо бий. Ерөнхийдөө манай аймгийн малын тоо толгой жил ирэх бүрд өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд 3.4 сая толгой мал тоолуулсан. Манай аймаг улсын хэмжээнд малын тоо, толгойгоор эхний тавд бичигддэг. Тэр ч утгаараа аймгийн эдийн засагт хөдөө, аж ахуйн салбар голлох үүрэг гүйцэтгэж байна. 

- Ажилгүйдэл болон аймгийн эдийн засгийн бүтэц, орлого ямар түвшинд байна вэ?

- Бид хувиарлагдсан төсвөө аль болох үр ашигтай зарцуулахыг хичээдэг. Гэхдээ улсын хэмжээнд эдийн засаг ямар байдалд орсныг та бүхэн надаар хэлүүлэлгүй сайн мэдэж байгаа байх. Өнгөрсөн жил 30 хувийн татаастай холбоотойгоор аймгийн төсөв багасаад байсан бол энэ жил төсөв даруй нэмэгдсэн. Үүнийг хэрхэн үр ашигтай зарцуулах чиглэлээр ирэх сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал товлогдсон. Ажилгүйдлийн асуудал хаа хаанаа л хүндрэлтэй байна. Нэн ялангуяа хөдөө, орон нутагт багшийн хомсдол асар их байна. Аймгийн хэмжээнд тэтгэврийн насны 20 гаруй багш ажиллаж байгаагаас багшийн дутагдал хэр байгааг харж болно. Тэр дундаа байгалийн ухааны багш. Түүнчлэн зөвхөн багш гэлтгүй төрийн албанд ажиллах хүн одлохгүй байна. Аймаг, сумдад байгаль орчны байцаагч хийх хүн л олдохгүй байна даа. Манай аймгийн эдийн засгийн гол хөшүүрэг бол хөдөө аж ахуй. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг түлхүү дэмжиж байгаа бөгөөд үүнийг дагаад өрхийн бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх байх гэж бодож байна. Мөн манай аймаг нийслэлийн махны хэрэглээний 30 хувийг дангаараа хангадаг. Тиймээс цаашид хөдөө аж ахуйн салбараа түшиглэн эдийн засгаа дэмжих бүрэн боломжтой юм. Эхний ээлжид энэ салбарыг стандартын дагуу хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ байна. Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд ч аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан Хэнтий аймагт зүүн бүсийн мал эмнэлгийн лабораторийг байгуулах ажлыг бодит ажил хэрэг болгох шаардлагатай байна.. Тус лаборатори байгуулагдсанаар стандартын дагуу бэлтгэсэн махаа олон улсад нийлүүлэх боломж бүрдэх юм. 

- Танай аймгийн задаргааг харахад автозамд нэлээн хөрөнгө зарцуулжээ. Замын асуудлыг шийдсэнээр аймгийн эдийн засагт бодитой үр нөлөө гарч байна уу?

- Хэнтий аймаг нь аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгож буй. Энэ салбарын хөгжил дэд бүтцээс ихээхэн хамааралтай. “Аялал жуулчлалын алтан цагариг” хэмээн нэрлэсэн маршрутын хүрээнд Жаргалтхаан-Биндэр, Өндархаан-Дадал болон Өндөрхаан-Бор-Өндөрийн чиглэлд гурван томоохон замын бүтээн байгуулалт хийгдэж буй. Эдгээр нь нийт 645 километр буюу бараг нэг их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Энэ их зам бүтээн байгуулсны үр ашиг богино бус урт хугацаанд яригдах юм. Агаарын замын тухайд гэвэл манай аймагт хоёр нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаа. Өндөрхааны нисэх онгоцны буудал саяхан ашиглалтад орсон бол Дадалын нисэх онгоцны буудал нь зурвасгүй байгаа учраас ашиглалт тааруу байна. 

- Хэнтийд их хэмжээний төсөв тавилаа гэх шүүмжлэл багагүй гарч байсан. Эхнээсээ ашиглалтад орж байгааг нь харлаа. Томоохон бүтээн байгуулалт бий болсноор аймгийн хөгжил төлөвлөсөн хэмжээнд хүрч чадаж байна уу. Үр нөлөө нь юу байна вэ? 

- Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд нийт зургаан цогцолбор ашиглалтад орох юм. Үүнээс одоогоор гурав нь эдийн засгийн эргэлтэд ороод эхэлсэн байна. Нэг нь удахгүй ашиглалт орохоор ажиллаж байгаа бол үлдсэн хоёр нь 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Дэлгэрхаан сумд баригдаж байгаа “Монголын нууц товчоо” цогцолборын гадна тохижилт үргэлжилж байгаа ч зохиогч, гүйцэтгэгч хоёр компанийн маргааны улмаас дотор засал нь гацсан. Ашиглалтад орно гээд бараг гурав, дөрвөн жил гацсан тул аймгийн удирдлагаас уг ажлыг дуусгахаар шахаж байна. Одоогоор Шихихутаг цогцолбор ашиглалтад ороход бэлэн болсон бол Их хуралдай, Далд уурхайн музей, Андлалын хөшөө зэрэг бүтээн байгуулалтууд үйл ажиллагаагаа явуулж байна. Төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтсэн Далд уурхайн музей нь орон нутгийн аялал жуулчлалын гол нүүр царай болж чадсан билээ. Аймгийн удирдлага цаашид хэд хэдэн томоохон төсөлд анхаарлаа хандуулж байна. Хэнтий аймаг нь дулааны болон цахилгаан станцгүй, хамгийн их тог тасардаг, эрчим хүчний асар том асуудалтай аймаг. Одоогоор цахилгааны эх үүсвэрээ Багануур болон Говьсүмбэрээс татаж байна. Иймээс ч иргэдийн хамгийн их гомдолтой байдаг зүйл нь аль ч улиралд тог тасардаг асуудал юм. Тиймээс цаашид төр, хувийн хэвшлийн хамтралаар энэ асуудлыг шийдэж, аймагтаа дулааны цахилгаан станцтай болох гол зорилготой ажиллаж байна. Одоогоор аймгийн төвөөс дөрвөн километрийн зайд 20 мвт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох төлөвтэй байна. Ингэснээр аймгийн төв эрчим хүчний эх үүсвэрээ шийдэх боломжтой болно. 

- Цахилгааны бие даасан станцтай болоход хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ, та бүхэн тооцоолол хийсэн үү?

- Улсын төсвийг хараад ямар ч нэмэргүй гэж бодож байна. Хэдэн мвт-ын хүчин чадалтайгаас хамаарч төсөв, мөнгөний асуудал яригдах байх. Манай аймагт дунджаар 70 мвт-ын хүчин чадалтай станц байхад эрчим хүчээ хангалттай хангахаар байгаа. Одоогоор станц барих газраа тооцоолоод ажиллаж байна. Эхний тооцооллоор энэ хэмжээний станц босгоход 150 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ энэ тоо эцсийн үнэлгээ биш бөгөөд цаашид хувийн хэвшилтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Угтаа аймгаас 50 километрийн зайд байрлах Чандганы нүүрсний уурхайгаа түшиглэн станц барих бүрэн боломжтой байгаа юм. Мөн шатахууны асуудал ихээр яригдаж байгаа. Учир нь нэг суманд ганцхан шатахуун түгээх станц байрладаг. Өнгөрсөн зун шатахууны хомсдол үүсээгүй бол манай аймагт бараг хоёр дахин их жуулчин ирэх төлөвтэй байлаа. Дэд бүтцийн гол ажлуудаа л урагшлуулахгүй бол дараа дараагийн том бүтээн байгуулалт гацах эрсдэлтэй.

- Ярилцсанд баярлалаа. 





 

Сэтгэгдэл үлдээх

Ub hotod borduur, Khentyd Andalyn hushuu, setgeld dulaahan baihd bolchno

Zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe